Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлалын тэргүүн туршлага солилцох бага хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Тус хуралд нийслэлийн болон Завхан, Орхон, Өмнөговь, Увс аймгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийг үнэлэх арга зүй, аргачлал боловсруулсан гурван цэцэрлэг, зургаан сургуулийн төлөөлөл оролцож, өөрсдийн туршлагаа хуваалцсан юм.
Багшийн ажлыг үнэлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, аргачлалын шалгаруулалтад нийт 40 гаруй цэцэрлэг, сургуулийн материал иржээ. Тэдгээрээс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлалын тэргүүн туршлагыг гурван ангилалаар шалгаруулж, 3-5 сая төгрөгөөр урамшуулсан юм.
Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр нийслэлийн 61 дүгээр цэцэрлэг тэргүүлж, Завхан аймгийн болон нийслэлийн гуравдугаар цэцэрлэгүүд удааллаа. Харин бага боловсролын чиглэлээр Завхан аймгийн нэгдүгээр сургууль тэргүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дунд сургуулиуд удаах байруудад шалгарчээ.
Гурав дахь ангилал болох суурь бүрэн дунд болон ахлах сургуулийн төрөлд нийслэлийн хоёрдугаар дунд сургууль тэргүүлж, Увс аймгийн нэгдүгээр сургууль, нийслэлийн 73-р сургуулиуд удааллаа. Ингэж үнэлснээрээ боловсролын байгууллагын өөрийн онцлогт нийцсэн олон талт оролцоог хангасан бодлого, төлөвлөлтийн дагуу хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийг үнэлэх арга зүй, аргачлал бий болгох туршлагыг урамшуулах, нийтийн хүртээл болгох боломж бүрдэж байгаа аж.
Б.Буд