
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дотоодын цэргийн аварга шалгаруулах "Жижиг бүлгийн тактик-2013" тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь "Нарстай ам" Цагдаа дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд өчигдөр боллоо. Тэмцээнл төв, орон нутгийн анги, байгууллагын 14 баг, алба хаагчид өрсөлдсан байна.
Улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг ойртуулан, алба хаагчийн мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, бүлгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд уг тэмцээний зорилго оршиж байгаа юм.
Тэмцээнд анги, байгууллагуудад явагдсан эхний шатны тэмцээнээс шалгарсан бүлгүүд оролцож, 10 км марш үйлдэхдээ автомашин жолоодох ур чадвар, зөрчигч этгээдийн мөрийг илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх, хамгаалалтад авах, тактикийн буудлага хийх, саадтай зурвас, хордсон газар орныг туулах, шалган нэвтрүүлэх ажиллагаа, нормативын бэлтгэл, албаны нохойн дасгал, гардан тулааны үзүүлбэр, тактик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар зэрэг төрлүүдээр өрсөлджээ.
Тэмцээнийн нийлбэр дүнгээр 805 дугаар ангийн дэслэгч А.Кадирбек захирагчтай 1-р бүлгийн бүрэлдэхүүн тэргүүн байр эзэлсэн бол дэслэгч Э.Батбаяр захирагчтай 2-р бүлгийн бүрэлдэхүүн II, 05 дугаар ангийн ахлах дэслэгч П.Анхтунгалаг захирагчтай бүлгийн бүрэлдэхүүн III байрт ус тус шалгарч шилжин явах, өргөмжлөл, цом, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн “Албаны шилдэг нохой”-гоор Багахангай дүүрэг дэх тусгай салааны “ЖЕК” нэртэй нохой шалгарч, алтан медаль, өргөмжлөл хүртжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ