Эмч нарын цалинг 1.5 сая болгох шаардлагатай гэв
Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдалтай Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/ танилцаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдөр үүний үр дүнгийн талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс олон нийтэд танилцууллаа. Тус холбооноос өнгөрсөн долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн клиник корпорацийн эмнэлэг буюу хуучнаар Улаанбаатар сувилал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эмнэлгүүдээр орж эмч ажилчидтай нь уулзжээ.
.
Эрүүл мэндийн салбарын тухайд хүнд суртал ихтэй, гар хардаг, үйлчилгээ муу гэх мэтээр иргэдийн зүгээс санал шүүмжлэл их гардаг. Тэгвэл 10 гаруй жил өндөр зардлаар суралцаж эмч мэргэжил эзэмшсэн залуус нь сард дунджаар 465 мянган төгрөгийн цалин авч байна. Харин олон жил ажилласан эмч нар дунджаар 550 мянган төгрөгийн цалин авдаг аж. Мөн эмч ажилчдын орон тоо нэмэгдэхгүй байгаагаас нэг эмчид ногдох ачаалал ихэсч, энэ нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Түүнчлэн эмнэлгийн байрнууд хуучирч муудсан, тоног төхөөрөмж хүрэлцээгүй зэрэг нь эргээд эрүүл мэндийн салбарт дээрх шүүмжлэлийг дагуулахад хүргэж буйг Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар хэлж байв.
.
Тухайлбал, улсын хэмжээнд бөөрний дутагдалтай хүмүүст зориулагдсан гемодиализийн аппарат 59 ширхэг байдаг аж. Гэтэл энэ өвчитнүүддээ хүрэлцэхгүй байгаа тул уг аппаратны тоог дор хаяж 108 ширхэг болгох зайлшгүй шаардлагатай байгаа аж. Мөн 1936 онд ашиглалтад орсон Улаанбаатар сувиллын байрны ойр орчимд хүнд даацын машин явахад барилгад чичиргээ үүсдэг байна. Үүний улмаас тус сувиллын эмч нар Онцгой байдлынханыг хүртэл дуудаж байжээ. Энэ нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа болон эмчлүүлж байгаа хүмүүсийн аюулгүй байдлын батлагаа алдагдсаныг харуулж буй нэг жишээ юм. Түүнчлэн тус сувилал нь 150 хүнийг хүлээн авах боломжтой ч одоо хүртэл 100 ортой үйл ажиллагаа явуулж байгаагаас орны хүлээлт хоёр сар байдаг. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өргөтгөл барина хэмээн хоёр ч сонгуулийн үеэр ярьж байсан атал өнөөг хүртэл шав ч тавиагүй юм байна. Гэтэл хамгийн их хүн амтай дүүргийн тоонд ордог тус нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмнэлэгт Баянгол дүүргийн хүүхдүүд мөн үйлчлүүлдэг бөгөөд үүний улмаас маш их ачаалалтай ажиллаж байна.
.
Шөнө жижүүрт хоносон эмч нарт 4 цаг унтах ёстой гээд илүү цагийн мөнгө өгдөггүй аж. Гэтэл жижүүрт хоносон эмч нар ачаалал ихтэйгээс заримдаа унтах ч зав гардаггүй тул энэ нь “хөдөлмөрийн мөлжлөг” хэмээн Б.Мягмар хэлж байв. Тэрээр “Жил бүр дарга нарын тоог нэмэхээс эмч нарын тоо нэмэгддэггүй. Харин зардал танах болохоор эмч, багш нар гээд энгийн иргэд рүү дайрдаг үзэгдлийг халах хэрэгтэй” хэмээв. Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарын цалинг 3-5 дахин нэмэгдүүлж, эмч нар дор хаяж сардаа нэг сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байх ёстой гэв.
.
Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Иймээс МҮЭХ дээрх асуудлуудаа нэгтгэн Эрүүл мэндийн яаманд мэдэгдэл хүргүүлжээ.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ