Хүүхэд дайрсан цагдаа “хүүхдийн буруу” гэх дүгнэлтийг гаргуулжээ
Энэ сарын 11-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 32-р байрны гаднах талбайд дөрвөн настай охин Чингэлтэй дүүргийн хэв журмын эргүүлийн цагдаагийн албаны машинд дайруулсан хэрэг гарчээ. Гэтэл уг хэрэг хүүхдийн буруутай үйлдлээс болсон гэсэн дүгнэлтийг Замын цагдаагийн шинжээч нар гаргажээ.
Энэ дүгнэлтэд дөрвөн настай Мандухай охины ар гэрийнхэн гомдолтой байгаа аж. Иймд уншигч та бүхэнд осолд орж хүнд хөлдөө хүнд бэртэл авсан Мандухай охины ээж Т.Өлзийсайхантай ярилцлаа.
h
-Осол гарах үед та хаана байсан бэ. Чухам юу болсон юм бэ?
-Энэ сарын 11-ний өдрийн 17.30 хогоо асгахаар охинтойгоо гарсан. Гэтэл 23-р сургуулийн зүгээс цагдаагийн машин ямар ч дуут дохио, дохио байхгүй маш хурдтай ирээд өндөр тооромз авч, урд минь ганцхан метрын зайтай явж байсан охин дээгүүр маань гараад явсан. Эх хүний нүдэн дээр ийм явдал болоход яаж хүлээж авах нь ойлгомжтой шүү дээ. Би хүүхдээ тэврээд цагдаа нарт эмнэлэг рүү явъя гэхэд урдаас хүүхдээ харсангүй гэх мэтээр намайг загнаж эхэлсэн. Гэтэл эмнэлэгт байх хэд хоногийн хугацаанд Замын цагдаагийн шинжээч нараар “хүүхдийн буруутай үйлдлээс болсон” гэх утгатай дүгнэлтийг гаргуулсан байсан.
h
-Дүгнэлтэд юу гэж бичсэн байсан бэ?
-“Хүүхдийн буруутай үйлдлээс болсон. Авто осол гаргасан Чингэлтэй дүүргийн хэв журмын эргүүлийн цагдаагийн албаны 1246 УНА улсын дугаартай автомашины жолооч ахлах цолтой Ц.Өлзийтайван нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл байхгүй” гэсэн байсан. Хэргийн газраас хүн дайрсан машинаар хөлөө бяцартал дайруулсан охиноо аваад эмнэлэгт хүргүүлэхэд л дүгнэлт нь өөр гарсан бололтой. Энэ хэрэг өдрийн 17.30 минутад болсон. Харин замын цагдаагийн шинжээчид 23.00 цагийн үед очиж хэмжилт хийсэн. Хэмжилт хийсний дараа машины дугуйны хээ, тооромзны мөр байхгүй байна гэсэн байгаа юм. Тэр зам байрны дунд байдаг төв зам учраас 17.30-.23.00 цагийн хооронд өчнөөн машин тэр замаар явж байгаа шүү дээ. Тэгээд л осол гаргасан жолооч огт буруугүй, хүүхдийн буруу гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа юм.
h
-Цагдаагийн албан хаагчид хурдтай явснаа юу гэж тайлбарлаад байгаа вэ?
-Замын хөдөлгөөний дүрэмд хороолол дунд автомашин 20км/ц хурдтай явах ёстой. Би өөрөө жолооч хүн учраас үүнийг сайн мэднэ. Гэтэл осол гаргасан цагдаагийн машин түүнээс хэд дахин илүү хурдтай явж байсан. Их хурдтай явснаа ажлаар явсан гэж мэлзээд байгаа. Гэтэл тэр хавьд ямар ч дуудлага аваагүй байсан байгаа юм.
h
-Одоо охины биеийн байдал ямар байгаа вэ?
-Сайнгүй байгаа. Баруун хөлний савхан яс, тулгуур яснууд нь хугарсан. Хугарахдаа зөөлөн эд энд тэндээ бяцралт их өгсөн байна лээ. Мөн гадуур хугаралт буюу яс нь махыгаа цоолж гарч ирсэн байсан. Шөнө болохоор өвчнөөсөө болж халуурах, чичирдэг. Эмнэлэгт байхдаа маш хүчтэй антибиотикуудыг өндөр тунгаар тариулж байсан. Гэвч бага насны хүүхэд учраас дотор эрхтнүүдэд нь нөлөөлнө гэж тунг нь багасгаж хэрэглэж байгаа.
h
-Цаашдын сөрөг үр дагаварын талаар эмч нар хэлж байна уу?
-Хэлсэн. Яс нь үүрэлт ихтэй учир хөл нь нөгөөхөөсөө дутуу өсөлттэй, богино болж магадгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, хөл нь доголон гэсэн үг. Охин хүүхэд ийм болчихоор эцэг эхийн хувьд үнэхээр хүнд санагдаж байна.
h
-Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд дайрсан цагдаагийн ажилтан эргэж ирсэн үү. Эмчилгээний зардал өгсөн үү?
-Осол гаргасан жолооч тэр өдөр “Надад байгаа нь л 150 мянган төгрөг байна авах уу?” гэж асуусан. Бидэнд хүүхдийн маань эрүүл мэнд чухал болохоос мөнгө сонин биш гээд аваагүй. Дараа өдөр нь эхнэр нь гэж эмэгтэй ирсэн. Түүнээс хойш бидэн рүү ганц ч холбоо бариагүй. Харин эмнэлэгт 10 гаруй хоноод гараад ирэхэд бидний буруу болчихсон дүгнэлт гарсан байгаа нь харамсалтай санагдаж байна” гэв.
h
Манай сурвалжлах баг Мандухай охины ээжтэй уулзсаны дараа Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаас Чингэлтэй дүүргийн хэв журмын цагдаа ахлах Ц.Өлзийтайвангын асуудлыг тодруулахаар очсон юм. Гэвч “Хэргийг шалгаж байгаа учраас тайлбар өгөхгүй. Дүгнэлт гаргасан Замын цагдаагийн гурван шинжээчээсээ тайлбараа ав” гэв. Түүнчлэн, уг хэрэг дээр ажиллаж байсан прокурор хөдөө ажлаар яваа гэсэн хариулт өгсөн юм.
h
Харин ЗЦГ-ын дэргэдэх Замын цагдаагийн шинжээчийн албаныханаас дээрх хэргийг тодруулахад “Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба дээр шалгагдаж байгаа хэргийг бид мэдэхгүй. Бид ослын шинжилгээний дүгнэлтээ хүргүүлсэн. Хэргийг нь шалгаж байгаа прокурор наад асуудлыг сайн мэднэ” гэх хариултаар ам тагласан юм.
Б.Цэрэндэжид
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ