
ГССҮТ-ийн эмч нар өчигдөр орой гэнэт ажил хаялт зарласан байна. Бүр өнөөдрөөс эхлэн Гэмтлийн эмч ажилчдын түр хорооноос төлөвлөгөөт мэс засал хийхгүй, улмаар тайван суулт хийх шийдвэр гаргасан гэнэ. ГССҮТ-ийн ажил үйлчилгээ доголдсон эсэхээс үл хамааран төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, эмнэлгийн эзэмшлийн газраас барилгын компаниудад зарсан зэрэг томоохон хэрэг цагдаагийн байгууллагын анхааралд хэдийнэ өртсөн.
Мөн ЭМЯ-ны төрийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн шахсан өндөр үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийн нэгээхэн хэсгийг ГССҮТ-ийн эрх мэдэлтнүүд танил талаараа далимдуулан хамтарч шингээсэн байдаг. Тухайлбал, Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт цахилгаан соронзон оношлогооны “MRI” аппарат нийлүүлэхээр төсвийн мөнгөнөөс 1,7 сая төгрөг гаргуулаад өөрийн “Саммитмедикал сервис” компанийн данс руу шилжүүлж, тендер нэрийн дор шахахаар завдсан ч уг аппарат “Philips” компанид капитал засвар хийлгэсэн хуучин эд байсан учраас гологджээ. Иймээс ГССҮТ-ийн зарим удирдлагатай үгсэн хуйвалдаж мөнөөх хуучин “MRI” аппаратаа төвөггүй шахсан байна. Гэтэл ГССҮТ-д MRI аппарат нийлүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын ямар ч тушаал гараагүй байсан талаар ч яригддаг.
Тус эмнэлгийн ажилчдын ажил хаялт удирдлагын халаа сэлгээ, тодруулбал Ц.Энхбаяр гэх эмэгтэй тус эмнэлгийн даргаар томилогдож ирж байгаа асуудалтай холбоотой гэх боловч зарим эх сурвалжийн хэлснээр нөлөө бүхий хэдэн эмч, ажилтны явуулгаар эмнэлгийн хэсэг хүмүүсийг турхирч ийм зүйл зохион байгуулсан гэцгээж байна. Учир нь гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг намжааж, олны анхаарлыг өөр зүгт хандуулах гэсэн хардлага ч бий болоод байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ