Амиа алдсан иргэдийн тоо нэмэгджээ
ВВС агентлагийн мэдээлснээр, Пакистаны өмнөд хэсгийн Балочистан мужид өчигдөр дахин 7.8 баллын газар хөдөлж, амиа алдсан хүний тоо 238 болж нэмэгдсэн байна. Пакистаны хил хамгаалах армийн хэвлэлийн төлөөлөгчийн үгнээс иш татан мэдээлэхдээ, Балочистан мужийн төв Куетта хотоос 600 км зайтай Аваран бүс газар хөдлөлтөд ноцтой өртөж, нас барсан хүний тоо 238-д хүрчээ. Мөн дарагдсан хүмүүсийг хайх ажил эрчимтэй хийгдэж байна гэв.
Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссейн болон ерөнхий сайд Наваз Шариф газар хөдөлж гамшиг гарсанд гүн эмгэнэл илэрхийлж, гамшгийн бүс нутаг дахь аврах ажлыг бүх талаар дэмжих зарлиг гаргасан гэнэ. Цэргийн туслах арван баг, эмч нарын бүрэлдэхүүнтэй 300 гаруй аврагчийг гамшгийн районд томилон, эм бэлдмэл, хүнс болон эд материалын туслалцаа үзүүлэхээр болжээ. Чичирхийлэл мэдрэгдсэн Энэтхэгийн Шинэ Дели хотод гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэхээр бүх албан байгууллагыг хаасан гэнэ.
Газар хөдлөлтийн улмаас Гвадарын боомтын ойролцоо шинэ арал бий болсон. Энэхүү арал нь есөн метр өндөр, 100 гаруй метр өргөн. Нутгийн иргэд энэхүү шинэ аралаа “Гвадер” хэмээн нэрлэжээ. “Гвадер” гэх үг нь бурхны таалал, бурхны цоо шинэ бүтээл гэсэн утгатай аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ