АНУ 5,1 сая ам.долларын санхүүжилт олгоно
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын хоорондын Стратеги зорилтот буцалтгүй тусламжийн хоёр гэрээнд гарын үсэг зурав. "Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах", "Ардчиллын стратеги зорилтыг хангах" гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Ингэснээр АНУ-аас Монгол Улсад 5,1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилт олгож байгаа аж. Санхүүжилтийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан олгож байгаа юм байна. "Эдийн засгийн өсөлтийг дэмжих" стратегийн зорилт бүхий буцалтгүй тусламжийн гэрээний хүрээнд "Бизнесийг дэмжих санаачлага" төслийн хоёрдугаар үе шатыг санхүүжүүлэх ажээ. Уг төсөл нь бизнес эхлүүлэх, хил давуулан худалдаа наймаа хийх, барилгын зөвшөөрөл авах, татвар төлөх зэрэг бизнесийн салбарт таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдэх юм. "Ардчиллын стратеги зорилтыг хангах" буцалтгүй тусламжийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр олгож байгаа хөрөнгөөр Азийн сангаар дамжуулан хэрэгжүүлдэг "Ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх" болон "Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо" төслийг санхүүжүүлэх аж. 1990 оноос хойш АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан Монгол Улсад нийтдээ 230 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ