Н.Алтанхуяг: Төсөвт тодотгол хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн долоо хоног бүрийн пүрэв гаригт хийдэг "Ерөнхий сайд-30 минут" уулзалт боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд хийсэн цаг үеийн ажлын талаар мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Ирэх саруудад нүүрсний нийлүүлэлт, Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх зэрэг цаг үеийн олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж.
.

-Би улс төрд 23 жил явж байна. Энэ хугацаанд сэтгүүлчдийг шүүхэд өгөөд байсангүй. Цаашид ч сэтгүүлчидтэй шүүхдэлцэхгүй. Харин "Тэргүүн" сониныг шүүхэд өгөөд байна. Үндэслэлгүй гүтгэсэн байсан. Сэтгүүлчдийг өмнөө барьж, янз бүрийн юм бичүүлээд хариуцлагаа хүлээхгүй байгаа хүмүүс бий. Тэдэнтэй хариуцлага тооцох ёстой. Би цаадах эзнийг нь олж өг л гэж байгаа. Нийгмийн хариуцлага хүлээж сурах ёстой. Сэтгүүлч буруугүй гэдгийг би бичээд өгсөн байгаа.
.
-40-өөс дээш насныханд ажил олдохгүй байна. Үүнд Засгийн газраас ямар зохицуулалт хийх вэ?
-40-өөс дээш насныхан ажилд орж байгаа. Энэ жил 6600 хүнийг компани дээр дадлага хийлгэж, мэргэжил олгосон. Түүн дотор 40-өөс дээш насны маш олон хүн ажилд орсон байгаа. Монголд юм хийе гэсэн хүмүүсийг нас хүйс харгалзахгүйгээр дэмжиж байгаа.
.
-Чингис бондын талаар мэдээлэл өгөхгүй юу? Үлдэгдэл нь хэдий хэмжээтэй байгаа бол?
-Чингис бондноос 700 сая гаруй ам.доллар гарсан. Одоо 300 орчим сая долларыг үйлдвэрийг дэмжих чиглэлээр гаргана.
.
-Самурай бондын хувьд...?
-Энэ бондыг шууд босгоно. Хөгжлийн банкнаас худалдаж авах гэж байгаа хүмүүст нь танилцуулна.
.
Хятадын хийх айлчлалаар ямар асуудал яригдах бол?
-Хөрш улстайгаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлнэ. "Чалко" компанийнхантай өчигдөр уулзалт хийсэн. Энэ жил манайх нүүрсний өрөө төлж дуусгаж байгаа. Ирэх жил тус компани үргэлжлүүлнэ хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн.
.
-Энэ оны төсөвт тодотгол хийх болов уу?
-2013 оны төсөвт тодотгол хийх болоод байна. Энэ жилийн хувьд "Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт хийж, өсөн нэмэгдэх роялти авч чадвал тодотгол хийнэ. Роялтигаар 450 тэрбум төгрөг авахаар байгаа. Энэ жил төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа. Тиймээс зарлагыг тэр хэмжээгээр гаргаж болохгүй. Тиймээс урсгал зардлаа хэмнэнэ. Шаардлагагүй зардлуудаа хэмнэж, орж ирэхгүй байгаа орлогыг гаргахгүй зардлуудаар хаана.
:
-Монгол банкны зүгээс найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгохдоо ямар хяналт тавьж байгаа бол?
-"ХАС" банк орон сууцны зээлийг хэвийн олгож байгаа, урьдчилгаагаа нэмээгүй л гэж байна лээ. Харин арилжааны банкуудад ямар хэмжээний мөнгө, яаж олгож байгааг мэдэхгүй. Энэ бол Монгол банкны асуудал.
.
-Нүүрсний үнэ өмнөх жилийнхээс нэмэгдлээ. Ноднин жилийнхтэй адил арга хэмжээ хэрэгжүүлэх үү?
-Нүүрсний үнэ,борлуулалт дээр арга хэмжээ авч, зохицуулалт хийнэ. Тодорхой хэмжээний зохион байгуулалтай дэмжлэг үзүүлнэ.Налайхын нүүрс нийт хэрэглээнд хувь багатай. Үүнээс болж нүүрсний үнэ нэмэгдэнэ гэж байхгүй.
. -Бондыг юун зарцуулж байна вэ? Манайд бонд босгох шаардлагатай юу?
-УИХ таван тэрбум ам.долларын бонд босгох эрхийг энэ жил Засгийн газарт өгсөн. Бид 1,5 тэрбум ам.долларын бондыг нь босгосон. Одоо цаана нь 3,5 тэрбум ам.доллар үлдсэн. 600 сая ам.долларыг Японоос зах зээл дээр босгох гээд байна. Бондын мөнгө төсөв рүү ордоггүй юм. Бондын мөнгө зам, төмөр зам, цахилгаан станц гээд дандаа бүтээн байгуулалтад зориулагдаж байна. Монгол Улсын 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох гээд байна. Үүнийг төсвийн мөнгөөр хийж чадахгүй. Тиймээс бондоор хийж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах гээд уулзваруудыг янзлахад төсвөөс мөнгө гаргаж чадахгүй. Тиймээс бондын мөнгөөр босгож байна. Дээр нь ноос ноолуурын үйлдвэрийг дэмжихэд мөн л бондын мөнгөөс гаргаж байна. Компаниудад зээл өгөөд, үйлдвэрээ өргөтгөхөөр үйлдвэрлэл нь гурав дахин нэмэгдэнэ.. -Тони Блэйрийн сангийн зөвлөгөөг яагаад Засгийн газар авах болсон бэ?
-Тони Блэйрын сангийн төсөл бол Засгийн газрын хэрэг эрхлэх газартай байгуулсан зүйл. Таван чиглэлээр Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон юм билээ. Энэ нь С.Батболдын Засгийн газрын үед яригдаад, манай үед хэрэгжиж байна. Эрүүл мэндийн, боловсролын, хөрөнгө оруулалтын зэрэг таван салбарт хэрэгжинэ.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ