Академич Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгоно
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Нэрэмжит шагнал олгох журам"-ын дагуу Академич Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналыг 2013 онд олгохоор болжээ. Тодруулбал Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг монгол хэл, монголын утга зохиол болон дорно дахины, түүний дотор төвд судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвиж, дорвитой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын гурав хүртэлх иргэнд олгох юм байна. Харин шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил, эрдэм шинжилгээний байгууллагын менежментийг боловсронгуй болгох, шинэ салбар судлалыг хөгжүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тус салбарын зүтгэлтэн хоёр хүртэлх иргэнд Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг олгох аж.
Нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлийн холбоод, хамт олноос нэр дэвшүүлэх ба материалаа бүрдүүлэн 10 дугаар сарын 21-ны дотор БШУЯ-нд хүргүүлэх ёстой юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ