Женнифер Лопез: Инээж чадахгүйгээр дэлгүүр бүү ажиллуул
Жэй Ло одоо 42 настай. Амжилт бүтээлийн ид оргил үе дээрээ яваа энэ эмэгтэй одоо л жинхэнэ амьдрал эхэлж байна гэж боддог аж. Таван платинум цомог, гурван альбом гаргаж, 21 кинонд тоглож, тун гайхалтай амьдарч байгаа түүнийг "ELLE" сэтгүүл онцлон ярилцлага авчээ.
.
-Макс, Эмми хоёр том болж байна уу. Эх хүний жаргалаасаа хуваалцаач?
-Аз жаргалаа үгээр хэлэхийн аргагүй. Миний амьдрал эхэлж байгаа мэт санагдаж байна. Одоо л бүх зүйл тодорхой болж, амьдралыг таних нүд нээгдэж байна. Амьдралд юу нь чухал, юу чухал бус гээд сайн муугийн ялгааг таньж мэддэг болсон. Хоёр хүүхэд минь том болж хэзээ нэгэн цагт, миний нулимсыг арчина гэдэгт итгэлтэй байна.
.
-Хүүхэд таны мөрөөдөл байсан гэж сонссон. Энэ талаар сонирхуулаач?
-Энэ үнэхээр гэнэтийн бэлэг байсан. Би 2004 онд хуучин нөхөр Марктай хуримаа хиймэгцээ л хүүхэдтэй болохыг хүсч байсан. Гэхдээ хүссэнээр болоогүй. Харин гурван жилийн дараа, нэг л мэдэхэд хүүхэдтэй болсон байсан. Тэр үед би Португалид тоглолтоор явж, Марк Нью-Йоркт гэртээ үлдсэн байсан юм. Би үсээ засуулаад сууж байхдаа зүрх дэлсээд байх шиг санагдаад, нэг л сонин болчихсон. Манай үсчин “Юу болов” гэж надаас асуухад би сандарсандаа юу ч хэлээгүй. Гэхдээ “Би хүүхэдтэй болчихож. Миний дотор шинэ амьдрал эхэлж байна” гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа. Тэгээд л гэр рүүгээ бушуухан хариад, жирэмсний тест авч үзсэн дээ. Бараг 20-оод тестээр шалгасан. Марк бүр итгэхгүй сөрөг хариу яаж гарахыг харъя гэж хэлээд чиний бодож байгааг хийсэн /Инээв/.
.
-Таныг хүүхдийнхээ хувь тавиланг “эс” байхад нь өөрчилсөн гэж сонссон.
-Тестийн хариу ч гайхалтай, миний хүслээр гарч байсан. Бид хоёр орон дээр хэвтэж байхдаа хоёр хүүхэдтэй болохыг хүссэн. Тэгээд маргааш эмнэлэг дээр очиж учраа хэлэхэд, эсийн хуваагдлаар хоёр ихэр хүүхэдтэй болох боломжтой гэж хэлсэн. Яг л миний санаж байсан шиг. Одоо тэр хоёрыг харахаар инээд хүрээд байдаг юм. Хааяа харахаар нэг л хүн шиг зэрэг сэтгээд байдаг нь гайхмаар. Хэрвээ тэр үед Маркаас өөрт нөхөртэй байсан бол, миний бурхан шиг хоёр хүүхэд минь хэзээ ч бий болохгүй байсан. Нэг цагт хайрлаж, дурлуулж явсан чи минь шинэ хайрандаа жаргах эрхтэй гэдгийг хэлэх сайхан байна.
.
-Яагаад салав?
-Хуримын үеэр хүн болгон “Насан туршдаа ганцхан чамайг хайрлана. Үхсэн ч сэрсэн ч би чиний хажууд л байх болно” гэж нэг нэгнийхээ өмнө амладаг. Би ч олон удаа энэ үгийг хэн нэгний өмнө зөндөө хэлж байсан. Харин энэ үг надад тохирохгүй байгаа бололтой. Энэ үгийг хэлсэндээ ч тэр үү, нэг бол сэтгэл санаа хувирсандаа ч тэр үү одоо сайн мэдэхгүй байна. Бид хоёр салахаасаа ч өмнө нэг оронд унтахаа больсон байсан. Тэр уух нь ихэссэн. Аз жаргалгүй байна гэж байхад ямар хажууд нь хачиг шиг наалдах биш дээ. Чи ч бас төсөөлөөд үз. Би түүний хувьд зүрхэнд нь байрлах цоожтой авдар байсан бололтой.
.
-Та бол нэрийн сүрчигээ гаргасан цөөн одын нэг. Саяхан “Deseo” нэртэй сүрчиг гарсан санагдаж байна?
-“Deseo” бол миний өмнө гаргаж байсан сүрчигнүүдээс огт өөр. Үнэр нь, шилэн савны дизайн нь ч маш шинэлэг. Ийм бүтээгдэхүүн гаргасандаа би үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Ямар ч эмэгтэй хүн ч хэрэглэхэд тохиромжтой. Миний амьдрал тэр чигээрээ хүсэл мөрөөдөл. Би үргэлж бусдаас өөр зүйл хийхийг, хөгжиж дэвшихийг, шинэлэг зүйл бүтээхийг хүсч эрмэлзэж явдаг. Би одоо хүртэл мөрөөдсөөр л явна даа.
.
-Дуучин, жүжигчин, бүжигчин, бизнес хатагтай... Эдгээрийн алийг нь та нэгдүгээрт тавьдаг вэ?
-Алийг нь нэгдүгээрт тавихаа сайн мэдэхгүй байна. Би байнга л шинэ зүйл бодож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлж явдаг учраас нэг л мэдэхэд энэ бүх салбарт орчихсон байсан. Хүн ер нь олон зүйлийг нэгэн зэрэг амжилттай хийж чадна шүү дээ.
.
-Та шинэ хайр сэтгэлтэй учраад нэлээдгүй хугацаа өнгөрлөө, нэг хүн шиг болж чадсан уу?
-Үгүй ээ. Бид бол биеэ даасан, хувь хүмүүс. Ганцаардаж, гутарч байхад минь хажууд минь хана шиг түшсэн нэгэн. Архи хамт ууж, заримдаа уураа гаргадаг байсан. Аялан тоглолтоор явахдаа хүүхдүүдээ харуулаад, оройн гэртээ ирэхэд үлгэр яриад сууж л байсан. Би нөхрөөсөө салаад шинэ хайр эхлүүлэхийг хүсээгүй ч гэсэн тэр хажууд байсаар байсан. Хүн нэгэндээ дасаж, дурлаж болдог юм байна лээ. Би ихэвчлэн харж дурладаг хүн чинь гэнэт цоо шинэ дурлал гараад ирсэн. Харин ч таалагдаж байгаа шүү. Олон хүмүүс надаас өөрөөсөө 20 насаар дүү хүнтэй байх ямар гэж асуудаг. Тэр жоохон бишээ, би түүний хувьд л охин шиг нь эрхэлдэг юм чинь.
.
-Таны нэг кино санаанд орлоо “Monsterin Law” кинондоо хадам ээжтэйгээ таагүй харилцаатай бүсгүйн дүр бүтээж байсан. Ирээдүйд хэр сайн хадам ээж байх бол, ер нь бодож үзсэн үү?
-Үгүй ээ, би хүүхдүүдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрөх болно. Би тийм хар дарсан зүүд шиг муу эмэгтэй биш шүү дээ. Хэрэв хүүтэй нь холбогдсон л бол ээжтэй нь бас ойлголцох л хэрэгтэй гэдгийг охид, хөвгүүд сайн ухаарч, багаасаа сайн боловсрох хэрэгтэй.
.
-Шууд хэлэхэд, өмнө нь үерхэж, дотно харьцаатай байсан залуус дундаас ээжид тань таалагддаггүй эрэгтэй байсан уу?
-Тиймээ, байсан. Тэр залуутай болзож эхлэхээс өмнө, уулзаж байхад, бүр салсны дараа хүртэл ээж энэ тухай надад хэлж байсан. Би 24 настайдаа Жонн гэх христийн пастер залуутай үерхээд удалгүй ээжтэйгээ танилцуулж байсан. Бид оройн хоол хамт идэхээр ширээний ард сууж залбирал үйлдэхэд, Жонн залбирал эхлүүлэхийг хүссэн. Ээж бид хоёр дуртай нь аргагүй зөвшөөрсөн. Тэгтэл Жонн 30 минутын турш бид хоёрыг ариун байлгахыг бурхнаас гуйж, эцэст нь хоол хөрж, ээж гэрээс хөөж гаргасан нэг тохиолдол бий.
.
-Яаж, ариусгахыг гуйсан юм бэ?
-Бурхан минь Жей Лог ариусгаж, жоохон охин шиг ариун болгож өгөөч, түүний ээжийг цагаан сэтгэлтэй болгож өгөөч гэх зэрэг баахан л сонин юмнуудын талаар залбираад л байсан.
.
-Тэдэнтэй одоо найз нөхдийн холбоотой байдаг уу?
-Тиймээ, найзууд хэвээр байгаа. Тэр өдрөөс хойш уучлалт хүссэн захидал илгээсээр байгаа. Одоо хүртэл шүү. Ийм залуус их л ховорджээ.
.
-Та бол сайхан бүсгүйчүүдийн нэг. Женниферийн хувьд хамгийн чухал гоо сайхны бүтээгдэхүүнээ нэрлээч?
-Би өөрийгөө нарны туяанаас хамгаалах тосгүйгээр төсөөлж ч чадахгүй.
.
-Паппарацийн дуранд эвгүй дүр төрхтэй баригдаж байгаагүй цорын ганц од та байх. Яаж өдөр бүр өөрийгөө ингэж гайхалтай авч явж чаддаг юм бэ?
-Би гадагш гарахаасаа өмнө өөрийгөө бэлтгэдэг. Миний ээж, эмээ хоёр ингэж сургасан юм. Гэрээс гарахдаа усанд орохгүйгээр, ядаж үсээ самнахгүйгээр хэзээ ч битгий явж бай гэж тэд надад зааж сургасан. Би өдөр бүр гайхалтай сайхан харагдъя гэж боддоггүй. Гэхдээ эмэгтэй хүн үргэлж өөртөө анхаарал тавьж, хүний нүдэнд аятайхан харагдаж байвал зүгээр шүү дээ.
.
-Та бие галбиртаа үргэлж сэтгэл хангалуун байдаг уу?
-Үгүй ээ, жаахан охин байхдаа тарган гэж өөрөөсөө ичдэг байсан. Харин азаар, нас биед хүрээд турсан. Холливудад анх ирэхэд хүмүүс нь их жижигхэн, нарийхан юм шиг санагддаг байлаа. Гэсэн ч би өөрийгөө тарган гэж боддоггүй шүү. Тэгэхдээ миний ганц давуу тал бол “өгзөг” гэдгийг хэн бүр л мэднэ. Би тураад байвал тэр минь алга болчихно ш дээ. Тиймээс хоолны дэглэм байнга барьдаггүй.
.
-Таныг Жэй Ло гэсэн нэрийнхээ товчлолд дургүй гэж сонссон юм байна?
-Та худал яриа сонсчээ. Би одоо хүртэл Жэй Ло гэж дуудуулах дуртай. Яарсан үед хүмүүст гарын үсгээ зурж өгөхөд энэ товчлол амар байдаг юм. Би тайзны нэрэндээ их хайртай. Хүмүүс ч дуудахдаа сэтгэл хангалуун байдаг санагддаг. Хүн нэрээрээ мөнхөрдөг болохоор, нэрнийхээ өнгө утгандаа сайтар анхаарч бай. Шагнал авахдаа чиний нэр театрт сонсогдоход хамгийн сайхан сонсогдох учиртай гэдгийг залуу дуучид анхааралдаа авах хэрэгтэй. Чамайг гялалзахад хамгийн чухал зүйлийн нэг бол нэр гэдгийг. Анх Леди Гагаг телевизээр гарч эхлэхэд нэрээр нь ихэнх хүмүүс сонирхсоныг санах хэрэгтэй.
.
-Та өөрийгөө хэзээ нэг өдөр ийм алдартай болно гэж бодож байв уу?
-Надад тийм мэдрэмж төрдөг байсан. Кинонд тоглож, дуулаад л, хүмүүс намайг харах гэж хошуураад л. Энэ бүхнийг төсөөлөн бодож, мөрөөддөг байлаа. Зүүдэндээ олон ч удаа улаан хивсэн дээр алхаж байна гэж боддог байсан. Тэр биелсэн. Сайхан зүүд зүүдлэх, ирээдүйд нэг зүйл болохыг зөгнөдөг гэж боддог.
.
-Анхаарлын төвд байхаар биеэ тоох бодол төрдөг үү?
-Анхаарлын төвд... тийм дээ. Гэхдээ надад биеэ тоох зан ердөө байдаггүй. Биеэ тоодог, эрхэмсэг зантай хүн бизнест амжилт олж чаддаггүй. Өөрөөс нь илүү хэн ч байхгүй гэсэн бодолд автахаараа хүн үнэлэмжээ алддаг. Хятадад нэг үг байдаг гэсэн. “Инээж чадахгүйгээр дэлгүүр бүү ажиллуул” гэдэг үг байдаг. Энэ үг л Холлувудад тохироод байх шиг.
.
-Таны муу зуршил?
-Надад хийж чаддаггүй түмэн зүйл бий. Би удаан тогтож сууж чаддаггүй. Миний хамгийн муу зуршил бол хүнтэй ярихдаа анхаарлаа төвлөрүүлдэггүй зан. Би заримдаа хүнтэй ярьж байхдаа огт өөр юм бодоод суучихдаг. Энэ мэдээж маш бүдүүлэг хэрэг. Надтай ярилцаж байгаа хүмүүс “Та яг одоо хаана байна” гэж асуух нь энүүхэнд байдаг.
.
-Оддын хачин жигтэй ааш, тэдний тавьдаг хатуу шаардлагын тухай хов жив байнга л гарч байдаг. Та хэр өндөр шаардлага тавьдаг вэ?
-Амьдралаас тасарчихсан юм шиг одод байдаг л даа. Гэхдээ би тэдэн шиг шаардлага хэзээ ч тавьж байгаагүй. Миний байрлах өрөөний ханыг тийм өнгөөр ингэж буд гэж би хэзээ ч шаарддаггүй. Тоглох киноны багийнхнаасаа намайг орж ирэхэд нэг аяга халуун кофе өгөхийг хүсдэг. Миний шаарддаг ганц зүйл энэ юм уу даа.
.
-Женниферийн тухай бидний мэдэхгүй зүйлийг ярьж өгөөч?
-Би бараг хэдэн сая удаа ярилцлага өгсөн байх аа. Тийм болохоор надад яриагүй, та нарт сонсоогүй зүйл бараг үгүй биз дээ. Миний тухай бүх зүйлийг хүмүүс мэддэг нь заримдаа надад айдас хүргэдэг. Нэг зүйлийн талаар хэлэхэд, би хэзээ ч шүдээ угаахгүйгээр унтдаггүй. Хаана ч байсан. Та нарын мэддэггүй ганц зүйл энэ байх. Ингээд та бүхэн миний талаар нэг зүйлийг мэддэг боллоо.
.
-Нэг юм асуухад, аз жаргалыг танд хэн өгдөг байсан вэ?
-Шуудхан хэлэхэд, Марк. Марк миний өнгөрсөн, одоо, ирээдүй дэх ганцхан хайр минь байх болно. Тэр л ганцхан хүүхдүүдийн минь аав.
.
Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ