
Эдийн засаг өсөөд байна гэж хөөрцөглөхийн нөгөө талд эдийн засгийн үзүүлэлтүүд нь үнэн гарч байна уу гэдэг асуудалд анхаарах учиртай гэнэ. Их өсөлтийн тухай ил харагдаж байгаа хөөсөнд хууртвал бүх эдийн засгийн үзүүлэлт буруу гарч олон сөрөг үр дагавар дагуулах тухай эдийн засагч гишүүн хэлж. Эдийн засагт ул суурьтай задлан шинжилгээ хийж, мэргэжлийн өндөр түвшинд бодлогоо тодорхойлохгүй, зөнгөөрөө хөвөөд байвал удахгүй хүнд байдалд орж, эдийн засаг зардлаа даахгүй, үр ашиггүй үрэлгэн болно гэж байгаа юм. Тэгэхээр манай тухайд ийм байдалд хүрч хүндрэх эсэх нь улстөрчдөөс шалтгаална. Гэвч улстөрчид өнөөдрийг бодоод “бай”-гаа онилоогүй үрэлгэн зардлыг өөгшүүлэн дэмжиж, өр ширээ зузаалж, мөнгөний ханшийг унагаж байгаа нь хувийн хэвшлийнхнийг, иргэдийг хүнд байдал руу чирнэ гэсэн байр суурь эдийн засагчдад бий.
Тэрчлэн төв банк бодлогын хүүгээ нэмж байгаа нь инфляцийн өсөлтийг хязгаарлахын төлөөх алхам гэж байгаатай зэрэгцээд Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь арилжааны банкуудын зээлийн хүү өсөн нэмэгдэхэд хүргэх талаар ярьсаар ирэв. Харин Монголбанкны Ерөнхийлөгч үүнийг “Төв банк улс төрийн дарамт, шахалтаас айн хүүгээ нэмэлгүй зүгээр суувал юу болох бол? Эдийн засгийн хүчин чадлаас хэтэрсэн мөнгөний нийлүүлэлт нь үнийн өсөлтөөр дамжин хэт халалтыг бий болгоно. Харин инфляци нэг өсөөд эхлэх юм бол, өөрөөр хэлбэл инфляцийн хүлээлтэд нөлөөлж хоёр дахь үеийн доргиог үүсгээд эхэлбэл хадгаламжийн хүү ч тэр, зээлийн хүү ч тэр өсөөд эхлэх нь гарцаагүй. Хадгаламжийн хүүний, зээлийн хүүний дийлэнхийг инфляцийн хүлээлт бүрдүүлж байна шүү дээ. Иймээс ирээдүйд хүүг хэт өндөр түвшинд хүрэхээс сэргийлж бодлогын хүүгээ өсгөж байна. Та бүхэнд хандаж хамтдаа инфляцитай тэмцэж, ингэснээр зээлийн хүүгээ бууруулъя гэж уриалж байна! Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйн төлөө бизнес эрхлэгчдийг буруутгахаас өмнө инфляцийн цаад учир шалтгааныг хамтдаа олж, улс төрчид, Засгийн газрын анхаарлыг үүнд хандуулж чадах юм бол “үнийн өсөлтийн мангаснаас” манай эдийн засаг ангижрах боломжтой болно” хэмээсэн.
Тэгвэл Ч.Улаан эрхэм “Монгол банкнаас явуулж байгаа бодлогыг ойлгож, дэмжиж байгаа хүн бараг байхгүй байна. Хэрвээ ийм хатуу бодлогыг Монголбанк явуулаагүй бол өнөөдөр байдал шал өөр, байдалтай инфляцийн аюул, сүйрлийг бид нэлээн өндөр түвшинд мэдэрсэн байх байсан. Харин төв банк чаргууцалдсаар байгаагийн хүчинд инфляцийн хүч нэлээд саараад байна. Хэрвээ мөнгөний бодлогоо сул тавилаа л бол “жолоог нь хүзүүнд нь уяад чүү гээд гуядлаа” гэдэгтэй л адил болно шүү. Хаашаа явах, юунд хүрэхийг төсөөлөх аргагүй. Тиймээс маш ухаалаг эдийн засгийн уялдуулсан бодлого явуулах ёстой юм. Өнөөдөр Монголд эдийн засгийн нэгдсэн бодлого байхгүй байна. Нэгдсэн бодлого явуулдаг төрийн захиргааны төв байгууллага ч алга. Сангийн яам бол шал өөр, орлогоо бүрдүүлж, өдөр тутмын хэрэгцээг залгуулах нэн тэргүүний үүрэгтэй болохоос биш урт хугацааны хөгжлийн прогноз хийх, эдийн засгийн нэгдсэн уялдаа зохицуулалтыг хангах хариуцлагыг хүлээдэггүй юм л даа” хэмээлээ. Эрхмүүдийн байр суурь нэг иймэрхүү. Бодлогын төвшний асуудлуудыг ярьж байна.
Харин хувийн хэвшлийнхний төлөөлөл “Монголбанкны бодлогын хүү нэмэгдсэнээр зээлийн хүү өсч зээлийн эрэлт буурна. Гэтэл зах зээлд, үйлдвэрлэгчдэд, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээлийн хэрэгцээ их байна, үүнийг ч төр засаг мэдэрч зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна. Энэхүү зээлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахаас бус инфляцийг хөөрөгдөхөд огт нөлөөлөхгүй. Бодлогын хүүг өсгөж арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлснээр үнэхээр арилжааны банкуудын өрсөлдөх чадвар сайжрах уу, аль эсвэл эсрэгээр өрсөлдөх чадварыг нь бууруулах уу? Харин үүний оронд өнөөгийн банкны тогтолцоог сайжруулах, эрс шинэчлэх талаар Монгол Банк анхааран ажиллах нь зүйтэй” гэдэг.
Мөн нөгөө талд бодлогын хүүний өсөлт зээлийн хүүнд нөлөөлөхөөс гадна, зээлийн нийлүүлэлтийг багасгахад хүргэнэ гэсэн таамаглал биеллээ олж, банкууд бизнесийн болон автомашины лизингийн зээлээ хумиад эхэллээ гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл өнгөрөгч арван сард 134.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан арилжааны банкуудын тухайд одоогоор хэвийн байна гэсэн мэдээллийг өгч байна. Тиймээс зээлээ хэвийн олгож байна гэж буй арилжааны банкуудтай харилцагч автомашины худалдаа, үйлчилгээ эрхлэгч компаниудаас тодрууллаа. “Арилжааны банкууд бизнесийн болон автомашины лизингийн зээлдээ хязгаарлалт хийгээд эхэллээ гэгдэж байна. Танай компанийн харилцагч банкуудын тухайд хязгаарлалт хийж байгаа юу? хэмээн асуухад:
Моннис Моторс компанийн Ерөнхий нягтлан н.Мөнхжаргал: Манайх Худалдаа Хөгжлийн Банк, Голомт, Хас Лизингтэй харилцдаг. Гэхдээ манай компани жижиглэнгийн зээл авдаггүй. Ерөнхийдөө банкуудтай харилцах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
Ука Сан компанийн Борлуулалтын албаны дарга Ариунаа: Хас банк өнөөдрөөс зээлээ хэвийн олгож байна. Сүүлийн өдрүүдэд ер нь бизнесийн, автомашины лизингийн зээлээ гаргахгүй байсан. Хаан банкны тухайд шинэ зээлдэгчид зээл өгөхгүй. Давтан зээлдэгчдэд л өгч байгаа юм байна лээ. Гэхдээ 10 сая төгрөгөөс дээш зээл гаргахгүй. Өмнө нь үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаггүй байсан бол одоо шаардаж байгаа.
Номин Моторс компанийн Импортын менежер н.Энхгэрэл: Манайх Хас Лизинг, Номин Юнион, Голомт банкуудтай харилцдаг. Зээл хэвийн олгож байгаа.
Бодь автомотивын Санхүүгийн албаны мэргэжилтэн: Автомашины лизингийн зээл хэвийн олгогдож байгаа. Гэсэн хариултыг компаниудын төлөөлөл өгч байна. Автомашины лизингийн зээл олгогдож байгаа ч, тавигдах шаардлага нь нарийсч гэдэг нь Ука Сан компанийн Борлуулалтын албаны даргын хариултаас ойлгогдож байна. Ер нь бол 2008 оны хямралын ард гараад амсхийж байгаа банкуудаа дахин намируулчихгүй байх нь зөвхөн Төв банкнаас хамаарч дийлэхгүй гэдэг нь эрхбиш ил харагдана.
Э.Богема
СЭТГЭГДЭЛ БИЧИХ