МАН-ыг ажигласан МАХН-ын тандалт
МАХН-ын нарийн бичгийн дарга Г. Шийлэгдамба цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ээлжит бус чуулган хуралдаж буйтай холбогдуулан тус намын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцжээ. Улс төрийн хүрээнд өрнөж буй зарим асуудал иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа учраас намрын чуулганд тодорхой асуудал тавихаар төлөвлөж байгаа аж. Ингэхийн тулд өнгөрсөн хавар 21 аймаг, нийслэлд өрнүүлсэн “Шударга ёс” аяныг ирэх даваа гаригаас зүүн аймгаас дахин эхлүүлж, иргэдийн дуу хоолойг сонсохоор болжээ. Мөн энэ үеэр МАХН-ын зүгээс ирэх сарын 27-нд болох МАН-ын их хурлыг анхааралтай ажиглаж буйгаа дуулгав. Энэ их хурлаар улс орны асуудлыг хөндөх үү, тус намын олигархиудын суудал яригдах уу гэдэгт МАХН-ынхан чих тавьж байгаа аж. Их хурлын шийдвэрээс шалтгаан хоёр нам нэгдэх үү гэсэн асуултад МАХН-ын нарийн бичгийн дарга Г. Шийлэгдамба “Энэ бол цаг хугацааны асуудал” гээд нэгдэх бус бусад намтай хамтран ажиллахыг чухалчилж байгаагаа хэлсэн юм. МАХН энэ онд багтаан бага чуулганаа хуралдуулах бол ирэх нэгдүгээр сарын сүүлээр их чуулганаа төлөвлөжээ. Харин намын дарга Н.Энхбаярын биеийн байдлын тухайд хэлэхдээ “Эмчилгээ хийгдэж байгаа. Хэвийн байдалдаа ороход цаг хугацаа хэрэгтэй” гэсэн хариултыг өгсөн юм.
В.Батцэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх- Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ