Д.Эрдэнэбат: Ээлжит бус чуулганаар шийдвэр гаргаагүй гээд муу болчихгүй
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөж, гишүүд ээлжит бус чуулганы сүүлийн хуралдаанд суухаар бэлтгэж байна. Энэ байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан юм. Хуралдаан эхлэх үед гишүүн Ц.Нямдорж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг заавал ээлжит бус чуулганаар батлахыг яарахгүйгээр гишүүд ихээхэн няхуур хандах хэрэгтэй байна. Иймээс хуулийн төслийг намрын чуулганы эхэнд хэлэлцэх батлах нь зүйтэй юм гэсэн санал гаргалаа. Мөн гишүүн Г.Батхүү "Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг сайн нягталж байж гаргах ёстой. Иймээс төслийн хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганд шилжүүлэх Ц.Нямдорж гишүүний саналыг дэмжиж байна" гэдгээ хэлэв.
.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Ээлжит бус чуулганаар улс орны эрх ашигт нийцсэн чухал шийдвэр гаргаасай гэж олон нийт хүлээж байгаа. Өргөн баригдсан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд гишүүд идэвх чармайлттай сайн ажилласан. Эдгээр төслүүдэд нухацтай хандаж, зөв бодлого зорилготой сайн хууль гаргах учиртай. Ээлжит бус чуулганаар шийдвэр гаргаагүй гээд муу болчихгүй гээд хуулийн төслүүдийг намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Гишүүн Л.Энх-Амгалан, А.Тлейхан нар ч ийм саналтай байгаагаа хэллээ.
.
Эдийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн таван багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд гишүүд идэвх санаачлагатай ажилласан, тэр дундаа Эдийн засгийн байнгын хороо гол ачааг үүрч сайн ажилласныг онцлоод хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын 2013 оны намрын чуулганд шилжүүлэх талаар байнгын хорооны гишүүд ойлголцсон гэж үзэж буйгаа мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөлөө. Ийнхүү улс төрийн хүчнээрээ талцаж, ам л нээвэл үг сөрөлцөөд байсан гишүүдийн санал энэ удаад "эвлэлдэн нэгдэж", Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хуулийн төслүүдийг намрын ээлжит бус чуулганд шилжүүлэхээр ярсхийтэл гараа өргөн дэмжив.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ