Д.Бат-Эрдэнэ: Би тэсвэр хатуужлын оргилд хүрсэн
Манай улс анх удаагаа бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин оролцох гэж байгаа юм. Тэдний нэг буюу ахмадын төрөл болох 50-59 насны ангилалын 80 кг-ийн жинд өрсөлдөх Монголын бодибилдинг, фитнесийн холбооны тамирчин Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
.

-Өнгөрсөн наймдугаар сард ДАШТ-нд оролцох тамирчдыг шалгаруулах сорилтын тэмцээн болсон. Тус тэмцээнд ахмадын ангилалд 10 гаруй хүн орсноос хоёрыг нь шалгаруулахад нэг нь би болсон. Миний хувьд ахмадын 50-59 насны ангилалд 80 кг-ийн жинд оролцоно. Бэлтгэлээ өөрөө багшилдаг “Flex gym” клубтээ базааж байгаа. Ирэх сарын 20 гэхэд бүрэн хангаж дуусна. Бэлтгэлээ хангалттай хийж, тэмцээндээ амжилттай оролцохоор хичээж байна даа.
.
-Та энэ спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна. Яагаад бодибилдингийг сонгох болов?
-Монголд бодибилдингийн спорт анх дэлгэрч байх үед буюу 1992-1993 оны үед нэг жил хичээллээд хувийн шалтгаанаар больсон. Тэгээд 10 гаруй жил завсарлаад 2007 оноос эргэн хичээллэж эхэлсэн. Бодибилдингийн спортод сонирхолтой нөгөөтэйгүүр хөдөлгөөн, хооллолтоосоо эхлээд хамгийн эрүүл спорт гэдгийг нь мэдээд хичээллэх болсон. Ер нь анх намайг энэ спорт руу ороход одоогийн Монголын бодибилдинг, фитнесийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирын ээж, бодибилдингийн А зэрэглэлийн шүүгч н.Алтанцэцэг эгч маань их нөлөөлсөн.
.
-Таныг ахмадын төрөлд оролцоно гэж дуулаад бодибилдингийн спортоор хичээллэхэд тамирчин хөгширнө гэдэг ойлголт байдаггүй юм шиг санагдлаа?
-Тийм. Энэ спортоор хичээллэхэд насны зааг, хязгаар гэж байдаггүй. Булчин хэзээ ч хөгширдөггүй гэдгийг л харуулж байгаа юм шүү дээ. 70-80 настай байсан ч хичээллэж болно. Миний хувьд л гэхэд 46 настайгаасаа эхэлж хичээллээд зургаан жил болоход чамгүй амжилт үзүүлсэн. Хамгийн гол нь тамирчин өөрөө уйгагүй, хөдөлмөрлөх хэрэгтэй.
.
-Дөчин нас гарсан хойно энэ спортоор хичээллэхэд ар гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Эхэндээ маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Эхнэр хүүхдүүд маань хөгширсөн байж боль гээд. Би энэ спортоор хичээллэхээсээ өмнө архи, тамхи хэрэглэдэг байсан. Гэтэл хичээллэж эхлээд, үүндээ шамдаад тэдгээр хорт зуршлуудаа хаяж, амжилт гаргаад эхэлсэн болохоор одоо бол хандлага нь огт өөр болж, дэмжих болсон.
.
-Энэ хугацаанд бэрхшээл тулгарч, шантарч байсан үе бий юу?
-Байлгүй яахав. Одоо болъё гээд цүнхээ үүрээд гарч байсан тохиолдол байна. Гэхдээ үнэхээр сонирхолтой болохоор хоёрхон хоноод л эргээд ирж байсан. Би өөрийгөө бодибилдингийн спортын дөнгөж зах руу нь л орж байна гэж боддог. Хамгийн гол нь тэсвэр тэвчээртэй л байх хэрэгтэй. Энэ спортын ялалт бол тэсвэр тэвчээр.
.
-Таныг орсон тэмцээн бүртээ амжилт гаргасан гэж дуулсан. Амжилтуудаасаа дурдвал?
-Би эргэж хичээллэсэн эхний жил буюу 2007 онд Батсуурь багшийн нэрэмжит тэмцээнд ороод мөнгөн медаль хүртсэн. Үүнээсээ маш их урам, эрч хүч авсан. Түүнээс хойш 2008, 2009 онуудад Хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2010, 2011 оны Улсын аварга болж байлаа. Мөн 2011 онд манай улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт орсон.
.
-Тамирчин хүнд бэлтгэл сургуулилт маш чухал. Та бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Хүн бүрийн бие, жин зэрэг нь харилцан адилгүй байдаг болохоор өөртөө тааруулж хийдэг. Миний хувьд 80 кг-ийн жинд тэмцээн уралдаанд оролцдог. Тиймээс түүндээ л таарсан бэлтгэл хийнэ. Өглөө 08.00 цагаас эхлэн нэг цаг гучин минутын бэлтгэлтэй байдаг. Бэлтгэл гол ч хоол, амралт хоёр мөн чухал шүү дээ. Тэмцээн дөхөөд ирэхээр өдөрт хоёр удаагийн бэлтгэлтэй байна. Энэ үед амралт их хэрэгтэй.
.
-Хооллолт, амралт чухал гэлээ. Ямар хүнс хэрэглэдэг вэ?
-Бидний хооллох дэглэм зөв хооллолттой их ойролцоо. Тухайлбал, адуу, үхрийн булчин махыг сайтар цэвэрлэж угаагаад төмс ногоотой хольж иднэ. Харин тэмцээн дөхсөн үед нүүрс ус их хэмжээгээр агуулсан хүнснээс татгалзаж, давс болон элсэн чихэргүй хүнс хоол иддэг. Мөн ямар ч өөхгүй болохоор тахианы цээж мах идэх ёстой байдаг бөгөөд маш нарийн хооллолттой. Ер нь тамирчин хооллолт, бэлтгэл, амралтаа зөв зохицуулж байж л амжилтад хүрнэ. Харин сонирхогчийн журмаар хичээллэгсэд бол ичлэг сайтай, өөх тос багатай хүнс болон жимс идэж байх шаардлагатай.
.
-Бодибилдингийн тамирчид уураг хэрэглэдэг. Ер нь уураг болон хоол хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Тэмцээнээс өмнөх 1-2 сарын хугацаанд ойролцоогоор 500-600 мянган төгрөгийн уураг авна. Мөн тэр хэмжээний мөнгийг хоол хүнсэндээ зарцуулдаг.
.
-Тамирчдад танай холбооноос болон төр засгаас ямар нэгэн дэмжлэг байдаг уу?
-Улсаас бол дэмжлэг байдаггүй. Харин манай холбооноос хоол хүнсний тал дээр дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ тамирчид маань өөрийн харьяалагддаг клубээсээ хоол хүнс, уураг зэрэг хэрэгцээтэй зүйлээр нь хангана.
.
-Ер нь манай улсын тамирчид гадаадын тэмцээн уралдаанд хэр явдаг вэ?
-Явдаг. Тухайлбал, өнгөрсөн хавар ОХУ-ын Читад болсон Сибирск районы тамирчдын тэмцээнд гурван тамирчин оролцсон. Үнэнийг хэлэхэд манай тамирчдын бэлтгэл сургуулилт гадаадын тамирчныхыг гүйцэхгүй юм байна лээ. Энэ тэмцээнд нэг их амжилт үзүүлээгүй ч туршлага сууж, судалж ирсэн.
.
-Бодибилдингийн спорт хүнд яг юу өгдөг вэ. Та эндээс юу олж авсан бэ?
-Хүнийг үнэхээр тэсвэр тэвчээрийн оргилд гаргадаг спорт. Мөн энэ спортоор уйгагүй хичээллэсэн хүн эрүүл байдаг нь хамгийн том давуу тал. Бас хүн өөрийгөө, биеэ их хайрладаг болдог. Би л гэхэд сүүлийн долоон жил хамрын ханиад ч хүрсэнгүй. Би эндээс хэзээ ч шантрахгүй тэсвэр тэвчээр, эрүүл биеийг олж авсан.
.
-Таны цаашдын зорилго. Ер нь хэдэн нас хүртлээ энэ спортоор хичээллэх вэ?
-Хамгийн ойрын хугацаанд болох гэж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцохыг зорьж байна. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд байхад бүх зүйл болно. Харин тэр хугацаанд, тэдэн насандаа хичээллэхээ болино гэж бодож байгаагүй юм байна. хичээллэсээр л байх болно /инээв/.
.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ