Суулттай, хутгатай “ширүүн” өдрүүд
Ерөнхий сайд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж зовлон жаргалаа тоочлоо. Ерөнхийдөө ажил нь аль ч салбартаа сайн л яваад байгаа талаар хэлжээ. Ганц нэг зүйлийг онцлон харвал, манай улсаас Япон улс руу хөгжлийн банкны элч нар явж Самуурай бонд буюу Йений бонд гаргах талаар ярилцах гэнэ. Тэгээд амжилттай болвол итгэл үнэмшилтэй нь худалдан авна гэв. Мөн Чингис бондоос 800 сая үлдсэн байгаагийн 500 сая нь бүтээн байгуулалтад төлөвлөгдсөн байгаа гэлээ. Орон сууцны барьцаа борлуулдаг хуулийн төсөл өргөн барихаар болж байгаа юм байна. Байраа барьцаанд тавьчихаад авч чадахгүй бол банкууд заавал шүүрдэхгүйгээр, шууд худалдан борлуулах эрх нээгдэх юм байна.
Нүүрсний үнэ өсөхүү гэсэн асуултад Налайхын нүүрс нийт нийлүүлэлтэд өндөр хувь эзэлдэггүй тул нүүрсний үнэ өсөх асуудал байхгүй гэж мөн мэдэгдсэн байна.
.
Ээлжит бус чуулган хаалтаа хийлээ
Эдийн засгийг аврах ёстой гэх нэр бүхий таван хуулийг хэлэлцэн батлахаар хуралдсан ээлжит бус чуулган нэг ч хуулийг баталсангүй. Гэхдээ энэ нь муу ажиллалаа гэсэн үг биш. Гол хуулиудыг хэлэлцүүлгийн үед бий болсон гацаанаас гаргаж УИХ-аар батлагдах босгыг давуулж өглөө. Мөн гол хуулиудыг олон талаас нь нарийн хэлэлцэж санаа бодлыг уралдуулж сөрөг хүчинтэй парламентын жишгээр асуудалд хандлаа гэж болно.
Хөрөнгө оруулалтын хуулийн тухайд анх өргөн барьсан төслөөсөө олон талаар “засагдаж” завсарлагдаж байх шиг байна. 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд татварын хөнгөлөлт тогтвортой орчинд байх гэрчилгээ авах байсныг, хөдөө орон УБ хот зэрэг зэрэглэлээр нь хөрөнгө оруулалтын дээд доод хэмжээг ялгавартай тогтоож татварын таатай орчин олгох дээр намууд ерөнхийдөө зөвшилцөж тохирох шиг боллоо. Хэдэн том компанийн толгойг илсэн татвараас хөнгөлсөн хууль болох нь гэсэн хардлага ийн нимгэрч хууль гацаанаас гарсан нь ололт гэж хэлж болох юм. Шинэ хуулиар 3-600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн орчин бий болж байна.
.
Эмч нар цалин нэмэхийг шаардав

Эмч нар зөвхөн өөрсдийн цалин нэмэх шаардлагаар явцуурсангүй эрүүл мэндийн салбарт байгаа хүндрэл хоцрогдлын талаар ч “хов” хүргэлээ. Улсын хэмжээнд бөөрний дутагдалтай хүмүүст зориулагдсан гемодиализийн аппарат 59 ширхэг байдаг аж. Энэ аппаратыг дор хаяж 108 ширхэг болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн 1936 онд ашиглалтад орсон Улаанбаатар сувиллын байрны ойр орчимд хүнд даацын машин явахад барилгад чичиргээ үүсдэг гэнэ.
Ажлын ачаалал дарамт, авдаг цалин хоёрын харьцаа тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа талаар мөн хэлсэн байна. Жижүүрт хоносон эмч нарт 4 цаг унтах ёстой гээд илүү цагийн мөнгө өгдөггүй аж. Гэтэл жижүүрт хоносон эмч нар ачаалал ихтэйгээс заримдаа унтах ч зав гардаггүй. Энэ байдлыг эрүүл мэндийн салбарын төлөөлөл “хөдөлмөрийн мөлжлөг” гэж үзэж байгаа юм байна. “Жил бүр дарга нарын тоог нэмэхээс эмч нарын тоо нэмэгддэггүй. Харин зардал танах болохоор эмч, багш нар гээд энгийн иргэд рүү дайрдаг үзэгдлийг халах хэрэгтэй” гэсэн нь иргэд олон нийтээс чамгүй олон like цулгуулж чадах шиг боллоо. МҮЭХ-ны ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарын цалинг 3-5 дахин нэмэгдүүлж, эмч нар дор хаяж сардаа нэг сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байх ёстой гэлээ. Энэ шаардлагын хариуд харьяалах яам, сайд нарын зүгээс тодорхой хариу тайлбар албан ёсоор өгөөгүй байна.
.
Дахиад Энхбаяр &Удвал

Асуудал хувь хүн дээр бус томилгоо хууль журмын дагуу явагдаагүй гэдэг дээр байгаа бололтой байна. Ц.Энхбаяр гэж хүн яагаад даргаар сонгогдчихов оо. Шалгаруулалтад ороогүй байж ямар шалгуураар гараад ирэв гэсэн гол асуултуудад хариулт өгөх, авах 3 талт гэсэн нэртэй сүртэй яриа хэлцэл ч явагдсан байна. Нэг дарын томилгоо, суудал дээр ингэж бужигнаж байгаа шиг салбарынхаа хоцрогдол дутагдлыг ил болгож, эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын төлөө ажилладаг болоосой доо гэх бухимдал илэрхийлэх хүмүүс ч байлаа. Энэ хөдөлгөөн, эсэргүүцлээс эрүүл мэндийн салбарынхан дотроосоо санаачилж энэ мэт нэг хөдөлбөл сэхэх найдвар байна гэж хүмүүс өөдрөг талаас нь харж урам орлоо.
Харин Ц.Удвал сайд бас нэгэн Ц.Энхбаярыг аварч хамгаалж, албан тушаалд үлдээхийн тулд ГССҮТ-хөнтэй дахиад сайн “ажиллах” хэрэгтэй болж байх шиг байна.
.
Н.Номтойбаяр гишүүн Хутга-Баяр болов уу

Н.Номтойбаяр гишүүн өөрөө болон өмгөөлөгч нь хүн хутгалаагүй гэж байгаа. Нэр бүхий шоронд байсан “Н” гэх нөхөр хутга барьж дайрсан, намайг найз маань хамгаалж дундуур орсон гэж залуу гишүүн мэдэгдсэн. Гэхдээ дундуур нь ороод хамгаалсан найз нь бас яасан нь тийм тодорхой биш. Хутга баригч этгээдийн гарыг нь мушгиж хутгыг нь хураасан уу, өөрөө хутгалуулан байж Номтойбаярыг хамгаалсан уу, тодорхой бус байна.
Талууд бүгд өөр өөрийн талаас хутгалсан, хутгалаагүй гэж тууштай мэдэгдсээр байна. Харин хоёр өөр мэдэгдлийн хайныг хагалах ёстой Н.Номтойбаярын найз гэх Шинэ дэлхий ТВ-ийн захирал эрхэм юу гэж гэрчлэхийг олон нийт сонирхон хүлээж байна. Гэвч өргөдөл өгсөн хүн нь “Н” биш иргэн “Б” гэгч байгаа талаар цагдаагийн тал мэдэгдээд байна.
Энэ хэрэг бидний өмнө байгаа нийгэм эдийн засгийн байдал, амьдралд тулаад байгаа асуудал бэрхшээлд сайн муу ямар нэг талаар нөлөөлөхгүй нь мэдээж. Харин төрийн түшээ хүн хар хэрэгт нэр холбогдсон тул олны анхаарлын гадна үлдсэнгүй. Н.Номтойбаяр гишүүний өөрийнх нь мэдэгдэж буйгаар үнэхээр гэмгүй байвал төрийн түшээдийн нэр сэвтэх нэг бараан тохиол үгүй болж цайрах юм. Хэрвээ хүн хутгалсан нь үнэн гэж тогтоогдвол наад зах нь Н.Номтойбаяр, Хутга-Баяр болжээ гэж ёжлох егөөдөхийн завсардах яриа газар авч, үүнд төрийн түшээдийн биеэ авч яваа байдалд олон нийт дургүйлхэх биз ээ.
.
Жигүүр дальтай АН

Маш хатуу хаалттай МАН /МАХН/-д анх жигүүр ургуулж явсан Ө.Энхтүвшин өдгөө намын даргыг түүчээлж явна. Энэ талаас нь явцуугаар харвал нэг далавч жигүүр өдлүүлээд авбал улс төрд тоглолт хийж, дээшээ бялуу болоод албан тушаалд хүрэх гишгүүр өрөгддөг гэж дүгнэж болохоор. Гэхдээ АН төр барьж “цэнгэлдэн хөгжилдөж” ахуйд өдөлсөн энэ жигүүр байх ёстой зүйл гэж гишүүд болоод ажиглагчид дэмжсэн байр суурьтай байх шиг байна. 1989 оноос хойш хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн энэ жирийн гишүүдээ сонсдог үндсэн дүрмээ барьж ажиллахыг шаардаж, анхан шат нэгжийнхээ гишүүд дэмжигчдийн үгийг сонсч нээлттэй шударга байвал АН-д гэрэл гэгээ байгаа гэж гишүүд нь жигүүрийг догиож байна.
Энэ долоо хоногт Намрын чуулган эхэлж урт хэлэлцүүлгийн сунгаанаас гарч хөлсөө “сэврээж” байгаа шинэ хуулиуд батлагдан гарна. Энэхүү чуулганаар бусад олон хууль өргөн баригдаж байгаагийн дотор Эрүүгийн гэх “эвгүй” нэртэй хуулийг халах, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг шүүх хуулийн тогтолцоонд шинэчлэл авчрах хуулиуд хэлцэгдэхээр жагсаад байна.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ