Удирдах ажилтны сургалт семинар болов

img

  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2013 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр үүрэг өгөх зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага, Улсын нөөцийн салбарын дарга, захирагч нарын сургалт, семинар өнгөрсөн долоо хоногт болжээ.   Энэ үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шинэтгэлийн стратеги, хүний нөөцийн бодлого, зорилт болон Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, орон нутгийн нөөцийн бүрдүүлэлт, зарцуулалт, зохион байгуулалтын талаар төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн байна.   Энэ хүрээнд 2013 онд Говьсүмбэр, Завхан, Булган аймгийн Засаг дарга, удирдлага 43.0-84.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж, иж бүрэн тоноглогдсон аврах, эрэн хайх үйл ажиллагаанд зориулагдсан автомашиныг онцгой байдлын газар хэлтсүүддээ олгосон байна. Мөн 2013-2014 онд 13,5 тэрбум төгрөгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Архангай аймаг,  Төв аймаг, Говь-Алтай аймаг, Говьсүмбэр аймаг Нийслэлийн Багахангай дүүрэг, Хэнтий аймгийн Бэрх тосгонд Аврах, гал унтраах ангийн нийт 8 барилга угсралтын ажлыг нь эхлүүлжээ.   Онцгой байдлын албанд 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад 7,3 тэрбум, төсвийн урсгал зардлаар өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэл худалдан авахад 5,7 тэрбум төгрөг батлуулсанаас өнөөдрийн байдлаар 19 нэр төрөл, 2,7 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл 16 нэр төрлийн 1,9 тэрбум төгрөгийн хувцас хэрэглэлийн гүйцэтгэл хүлээн авч төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагуудад гардуулан өгсөн байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ