Барак Обамагаас асуух зургаан асуулт?
“Ройтерс” агентлагийн улс төр, эдийн засгийн сэтгүүлч Доминик Лау /Dominic Lau/ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагаас дэлхийд өрнөж буй зургаан асуудлын талаар тодруулга авсан байна. Энэхүү зургаан асуудалд хэрхэн хариулсаныг сонирхуулъя.
.
-Сирийн талаар?
-Сирийн асуудал нэг цэгцрэх талдаа орж байна. Дамаск мужид химийн зэвсэг дэлбэлсэн гэх асуудал олон орны толгойны өвчин боллоо. Өнгөрсөн наймдугаар сарын 21-нд химийн зэвсэг ашиглан 1500 хүний амийг хороосноос энэ бүхэн болсон. Хоёр жилийн хугацаанд иргэний дайны улмаас 100 мянга гаруй хүн амь эрсдэж, хоёр сая гаруй дүрвэн амьдарч байна. Харин нөгөө талаас АНУ-ын иргэд Сирийн асуудал хэтэрхий их анхаарлаа хандуулж байгаад бухимдах аястай болоод байна. Сирийн талаар ярилцаж байх хугацаанд АНУ-д дараалсан халдлага болж, улс даяар төрийн далбаагаа бөхийлгөж, хэд хоног уй гашуу бүрхсэн. Тэр үед би Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн үүднээс уй гашууг үл мартаж, олон хүнийг эрүүл нийгэм рүү хүргэхийн тулд Сирийн асуудалд дахиад л оролцож, байр сууриа илэрхийлсэн хэвээр л байна.
.
-Ливийн талаар?
-АНУ-ын талаас Ливийн байдалд зүгээр нэг санаа зовоогүй. Бид богино хугацаанд тус орны байдлын талаар өөрийн түншүүдтэй зөвлөн ярилцаж байна. Ливийн эрх баригчдын эсрэг арга хэмжээ авч болох хувилбаруудыг боловсруулах үүргийн дагуу ажиллаж байгаа. Египет, Тунист байсан шиг ардчилалд тайвнаар орох аргыг Ливид хэрэгжүүлж эхлүүлсэн. АНУ-ын тал болон ерөнхийлөгчийн хувиас Ливийн асуудалд өөриймсөг хандаж байгаад минь буруугаар ойлгох хэрэггүй.
.
-Египетийн талаар?
-Каирт сөрөг уур амьсгал бий болоод байгаа. Энэхүү нөхцөл байдлыг хуваагдлын үе гэхэд хилсдэхгүй. Дэлхий нийт Египетийн талаар хангалттай мэдээлэлтэй байгаа. Хамгийн чухал нь Египет улсад шинэ нар мандахад тун ойрхон байна.
.
-Ираны талаар?
-Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай утсаар ярилцсан минь ихээхэн хэл ам дагуулж байгаа бололтой. Хүмүүс намайг Хассан Роуханитай юу ярилцсан талаар сонирхох нь олон байна. Бид хоёр 15 минутын турш АНУ, Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа хардлагаас үүдэн хоорондоо үл ойлголцсон талаар нухацтай ярилцсан.
.
-Эдвард Сноуданы талаар?
- Тэр бол эх орноосоо урвасан, төрийн нууц задруулсан, алан хядах ажиллагааг дэмжсэн, тийм л нэгэн. Өөрийн ажил үүргээ биелүүлж байхдаа улсынхаа маш нууц зэрэглэлийн хэд хэдэн материалыг хулгайлсан хулгайч. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн бүхэл бүтэн ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт зэрэг маш нууц баримтууд түүний гарт одоо хүртэл байгаа. АНУ-ын иргэд тагнуулын байгууллагыг утасны цаанаас яриа сонсдог хэмээн буруутгаж, элдвийн муухайгаар хэлсээр л байна. 2011-2013 оны хооронд 1000 гаруй алан хядах ажиллагааг урьдчилсан мэдсэн гэдгийг хэлье. Одоо юу гэж бодох нь та бүгдийн хэрэг.
.
-ОХУ-ын талаар?
-Найрсаг хөршийн харьцаанаас үүдэн АНУ, ОХУ талууд хамтран ажиллахаар төлөвлөж байна. ОХУ-ын эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмд шахалт үзүүлэх замаар химийн зэвсгийг нь хураалгах төлөвлөгөөг анх санаачилсан. Энэхүү санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаар болж, томоохон хэлэлцээрт гарын үсэг зурлаа. АНУ, ОХУ-ын хүйтэн харьцаа энэ асуудалд хамтарснаар шинэ алхам хийхэд ахиц гаргасан гэж болно.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ