Намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

img

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт ажиллан Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан хууль тогтоолыг сурталчилж, хэрэгжилтийн байдалтай танилцан, цаашид хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ард иргэдийн санал бодлыг сонсож, өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалтын явцтай биечлэн танилцсан байна.

Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны зарим хорооллын барилгажуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцахад барилгын компаниуд болон барилгын материал үйлдвэрлэгчдэд төрөөс үзүүлсэн дэмжлэг тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байгаа нь харагдаж байна.

Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс”, Нарийн сухайтын нүүрсний уурхай болон Шивээ хүрэнгийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Үндэсний уул уурхайн компаниуд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж цахилгаан станц, авто зам, нүүрс угаах үйлдвэр, сургуулийн барилгыг ашиглалтад оруулснаар хөдөө, орон нутагт уурхай дагасан хөгжил бий болж байна. Гэхдээ нүүрс тээвэрлэлтийн хүндрэл, давхцсан татвар хураамжууд нь нүүрсний үнэ унасан өнөөдрийн нөхцөлд Монголын нүүрсийг өрсөлдөх чадваргүй болгож экспортоо хязгаарлаж байгаа тухай ярьж байна. Улсын Их Хурал эрдэс баялгийн бодлогоо боловсруулахдаа энэ бүхнийг тооцож шийдвэрээ гаргах нь зүйтэй.

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд манай улсад албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Белорусс Улсын Ерөнхий сайд М.В Мясникович, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хии болон Япон, Франц, Тайланд Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын явцад Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх, техник технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар санал солилцлоо.

9 дүгээр сард Азийн бүс нутгийг төлөөлж Монгол Улсад анх удаа дэлхийн 15 орны төлөөлөгчид оролцсон "Төрийн албаны мерит тогтолцоо: туршлага сургамж, сорилт боломж" сэдэвт олон улсын Төрийн албаны төв байгууллагын удирдлагын бага хурал болж өнгөрлөө. Энэ бага хурлын үеэр олон орны төрийн албаны төв байгуулагын удирдлага, зохион байгуулалттай танилцаж, туршлага солилцсон нь манай улсын төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Намрын чуулганаар 2014 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2013 оны төсвийн орлогыг хэт өндөр тавьж баталсанаас орлого, зарлагын тэнцвэр алдагдаж энэ удаагийн чуулганаар 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч байна.

Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдлөг болгож 2014 оны төсвийг улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай нягт уялдуулан нухацтай хэлэлцэж батлах нь Та бидний эрхэм зорилт болж байна.

Энэ удаагийн чуулганаар Шүүх байгуулах тухай, Хилийн боомтын тухай, Төрийн аудитын тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Газрын тосны тухай, Газрын тухай багц хуулиудын шинэчилсэн найруулга, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно.

Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн “Хөрөнгө оруулалтын тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хууль болон бусад эрдэс баялаг, уул уурхайн холбогдолтой хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт яаралтай баталж гаргах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Намрын чуулганаар улсын төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгийн дагуу тодорхой хугацаанд хэлэлцдэг хуультай. Тийм учраас цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглаж, нам, эвслийн бүлгүүд санал дүгнэлтээ гаргаж, Байнгын хороод хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан өөрт хамааралтай хуулиудыг төлөвлөсөн хугацаанд нь хэлэлцэж нэгдсэн чуулганаар батлуулахын төлөө шамдан ажиллана гэдэгт итгэж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ