Төсвийг хумих уу, тэлэх үү?

Ирэх он эдийн засгийн тэлэлтийн жил байх болно.
...
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат:
-2014 он бол Монголын эдийн засгийн хөгжлийн хамгийн зөв гарааны үе гэж үзэж байгаа. Өнгөрсөн жилийн нийгэм эдийн засгийн үндэслэл, төсвийг батлахдаа бид үндсэндээ өмнөх Засгийн газрын суурин дээр тулгуурлаж ирсэн. Үүнээс үүдээд эдийн засгийн хүндрэлтэй асуудал үүссэн. Намрын чуулганаар бид Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрөөс баримтлах мөнгөний бодлого, Төсвийн тухай хуулиа нэлээн нухацтай авч үзэх ёстой гэж ойлгож байна. 2014 он Монголын эдийн засгийн өндөр тэлэлтийн жил байх ёстой бодлогоор үзэж байгаа. Өнгөрсөн 2013 оны хувьд дотоодын зах зээлийн хэм хэмжээ өссөн. Боловсон хүчин, үйлдвэрлэх хүчний хангалт дутуу, дотоодын зах зээлийн тэлэлт, импортыг маш хүчтэй нэмэгдүүлсэн, үүнтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд баялгийн үнэ унаснаас болж экспортыг олох орлого татарсан гээд бидэд сургамж өгсөн олон зүйл ажиглагдлаа. Ирэх онд бид эдийн засгаа аль болох тэлэлтийн жил рүү явуулах ёстой, дотоодын зах зээлээ нэмэх, экспортын хэмжээгээ хурдацтай нэмэгдүүлэх ёстой. Ингэхийн тулд гадаад болон дотоод хөрөнгө оруулалтыг тэргүүн эгнээнд тавих, дэмжих ёстой. Төсвийн асуудалд олон янзын санал явж байгааг үгүйсгэхгүй. Нэг хэсэг нь эдийн засаг бодит байдал дээрээ хямралд хүрээгүй байхад төсвийг хумиач гэсэн шаардлага явж байгаа. Нөгөө талдаа бидний хувьд эсрэгээр нь эдийн засгаа тэлнэ, экспортоо, гадаад хөрөнгө оруулалтын орлогоо ч нэмэгдүүлнэ, Монголын эдийн засагт орох төрийн мөнгөний бодлогоо ч эргэж харна гэсэн байр суурьтай байна. Тийм учраас ихээхэн хариуцлагатай чуулган байна. Түүнээс гадна хэлэлцэх гол гол суурь асуудлууд байна. Газрын тухай, Улс төрийн тухай хуулийн төслийг өргөн хэмжээнд хэлэлцэх ёстой. Улс төрийн агуулгатай хуулиудыг намар, хаврын чуулганаар дуусгах ёстой юм. Улс төрийн намуудын, Сонгуулийн тухай асуудлаар бид энэ жил хэлэлцэх ганц боломж байгаа юм. Тийм учраас энэ намрын ээлжит чуулган их ач холбогдолтой байх болно.
.
Төсвийг хэлэлцэхдээ хийрхсэн маягаар хандаж болохгүй
.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд:
-Намрын чуулганаар ээлжит бус чуулганы асуудлуудыг үргэлжлүүлээд хэлэлцэнэ. Ер нь ээлжит бус чууланы үеэр хэлэлцсэн асуудлыг яаран сандран батлах шаардлагагүй гэж ойлголцоод намрын чуулганд шилжүүлсэн. Аливаа намрын чуулганаар хэлэлцдэг гол асуудал нь улсын төсөв байдаг. Ирэх оны улсын төсвийг хуулийг хэлэлцэхэд нөхцөл байдал хүнд, бэрхшээл учирч байна гээд онцлогтой үе тохиож байна. Энэ чуулган зөвхөн 2014 оны төсвийн байдал ямар байх вэ гэдгийг шийдэхээс гадна ойрын хэдэн жилд манай улсын санхүү эдийн засаг ямар байхыг тодорхойлох чуулган болно. Үүнд л гол анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байна. Дараа дараагийн жилүүдийн суурийг зөв тавих, яг одоо байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд ирэх оны төсвөөр ямар онцлог, зөв шийдвэр гаргах вэ гэдэг нь чухал болоод байна. Урьдын адил гадаадаас орж ирэх орлогыг нэмж, хийрхсэн маягаар хүмүүсийн анхаарлыг татах шаардлагагүй. Төсвийн тухай хуульд төсвийн холбогдолтой хуулиудыг нарийн баримтлахгүйгээр гаргаж болохгүй байдалд хүрчихээд байна. Ээлжит бус чуулганы нээлт дээр манай бүлэг ерөнхийдөө нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийсэн. Бидний гаргасан дүгнэлтийг намрын чуулганы үеэрээ эргээд харчих хэрэгтэй гэж бодож байна. Төсөвтэй хамтраад нөхцөл байдлаа яаж сайжруулах вэ гэдгийг ярих чухал чуулган болно гэж бодож байна.
.
-Энэ оны төсөвт хийх тодотгол дээр ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн тодотгол хийхээр УИХ-д оруулж ирсэн зүйл байхгүй байна. Бид эртнээс асуудлаа засч, залруул гэдэг шаардлагаа тавьсан. Одоо бол хуульд нийцүүлэн, үзүүлэлтүүдээ зөв гаргах нөхцөлд тодотгол хийх хэрэгтэй. Эдийн засгийн талаасаа нэмэртэй тодотгол болохгүй гэж бодож байна. Энэ байдлаараа төсвийн гүйцэтгэл гарвал холбогдох хуулиуд бүгд зөрчигдөхөөр байгаа юм. Төсвийн тодотгол хийхийн гол зорилго нь Засгийн газар хуулийн заалтуудад нийцүүлэх хэрэгтэй. Эдийн засгийг сууриар нь өөрчлөх, сайжруулахад дорвитой алхам болохгүй болов уу гэж бодож байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ