Ахмадуудад тэргэнцэр өглөө

img

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна. Манай улс тус өдрийг тэмдэглээд 20 гаруй жил болж байгаа бөгөөд ахмадуудад зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн Засаг даргын хүсэлтээр тус дүүргийн 30 ахмад настанд тэргэнцэр гардуулах ажиллагаа өнөөдөр “Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төв”-д боллоо. Тус төвийн захирал Б.Нарантуяа “Ахмадууд маань нас ахих тусам эрүүлү мэндийн байдал доройтож, бие бялдар нь сулрах, яс сийрэгжих, суурь өвчин нь сэдрэх гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан ямар нэгэн эмгэг бэрхшээлтэй болж нийгмийн болон гэр бүлийн харилцаанд орох эрх нь хязгаарлагддаг. Бид өнөөдөр тэдний нэг хэсэг буюу тэргэнцэр шаардлагатай байгаа хүмүүст хэмжээ нь тааруулан олгож байгаа юм” гэлээ.

Мөн энэ үеэр “Тэргэнцэр хэрэглэх, арга аргачлал” болон “Тэргэнцэр тохируулах, хэмжээ авах” талаар СЗХҮТ-ийн эмч нар сургалт явуулж, гарын авлага тараасан. Энэ нь  үр дүнтэй, хэрэгцээтэй үйл ажиллагаа болсон.

Сэргээн засах хөгжлийн Үндэсний төв нь олон улсын Дезерет байгууллагатай хамтарч ажилладаг. Тус байгууллагаас ирдэг тэргэнцэрүүд нь  чанарын баталгаа, хэрэглэх тохиргоотойгоо бөгөөд амархан эвдрэхгүй, чанартай гэж мэргэжилтнүүд үздэг аж. Харин СЗХҮТ нь хүсэлтээ гарган, холбогдох журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн иргэдэд харьяалал харгалзахгүйгээр тэргэнцэр олгодог юм байна.

Б.Буд

Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ