Ахмадууд ойрын хугацаанд тэтгэвэр нэмэгдүүлэхийг хүсчээ
МҮЭХ-ноос Олон улсын Ахмадын өдрөөр “Ахмадын нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ. Уулзалтад МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн ахмадын ҮЭ-ийн холбооны дарга Б.Бямбаа болон ахмадын төлөөлөл болох 30 хүн оролцсон байна.
Нийт ахмадуудын 80 гаруй хувь нь 180 мянган төгрөгийн тэтгэвэрийг сардаа авдаг аж. Тиймээс уулзалтад ирсэн ахмадууд “Тэтгэвэрийн мөнгө үнийн өсөлтөд нэрвэгдэж, үнэгүй цаас боллоо. Тэтгэвэр, тэтгэмжийг ойрын үед нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл насаараа төлчихөөд тэтгэврийн насанд хүрэлгүй нас барах тохиолдол олон гардаг байна. Иймд НДШ-ийн хөрөнгийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байхыг тэд мөн хүсчээ. Мөн ахмадын сувилал байгуулах, ахмадын нийгмийн хамгааллын сантай болох, тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр дан ганц МҮЭ-ийн холбоо ч биш Монголын гэх тодотголтой ахмадын нийт байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатайг онцложээ.
Энэ үеэр МҮЭ-ийн холбоо, Монголын Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр зургаан ахмадын энгэрийг мялаажээ.
А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ