МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Германы төлөөлөгчидтэй уулзав

img

Энэ сарын 2-нд МАН, Германы Социал демократ нам /ГСДН/, Фридрих Эбертийн сан/ФЭС/-гаас хамтран зохион байгуулах намрын академийн үйл ажиллагаа эхэлнэ. Уламжлал болсон энэхүү арга хэмжээ өнөө жил "Сөрөг хүчний бүтээлч үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд болж байгаа юм. Уг үйл ажиллагаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Германы Бундестагийн гишүүн асан, ГСДН-ын нэрт зүтгэлтэн хатагтай Үте Күмф, Ниедерзахсан Холбооны Улсын Ландтагийн гишүүн Марко Брунотте, ФЭС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Ч.Оюунгэрэл нарыг өнөөдөр хүлээн авч уулзан ажил хэрэгч яриа өрнүүллээ. Хатагтай Үте Күмф бол манай улсад олон удаа айлчлахдаа сонгуулийн эрх зүйн шинэчлэл, ардчиллын хөгжлийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ярилцдаг, Монголыг сайн мэдэх улстөрчдийн нэг аж.

р

Уулзалтын эхэнд МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хоёр жилийн өмнө хатагтай Үте Күмфтэй уулзахдаа сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хууль, эрх зүйн орчны тухай ярилцаж байснаа дурсаж, хоёр намын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй намрын академийн ач холбогдол, үр дүнгийн талаар санал бодлоо солилцлоо. Тэрээр "Энэ удаагийн уулзалтаар сөрөг хүчин хэрхэн бүтээлч үйл ажиллагаа явуулах вэ гэдэг сэдвээр хоёр намын төлөөлөгчид санал бодлоо солилцох гэж байгаад баяртай байна. Ялангуяа миний хувьд бүтээлч гэдэг үгэнд их ач холбогдол өгч байгаа. Намрын академи үр дүнтэй, бүтээлч болно гэдэгт найдаж байна" гэлээ. Мөн уулзалтын үеэр хатагтай Үте Күмф саяхан Германд болсон Бундестагийн сонгуульд СДН хэрхэн оролцсон талаар мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Тус улсын сонгуулийн холимог системийн дагуу Бундестагийн 598 суудлын 299-т нь тойргоос шууд, үлдсэн нь намын нэрийн жагсаалтаар сонгогддог аж. Энэ сонгуулийн үр дүнд Германы канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Христосын Ардчилсан нам давуу суудал авсан учраас бусад нам, тухайлбал, ГСДН-д эвслийн Засгийн газар байгуулах санал тавиад байгаа юм байна. Тиймээс ГСДН эвсэх үү эсвэл сөрөг хүчин хэвээр үлдэх үү гэдгээ удахгүй шийдэх гэнэ. Ингэхдээ юуны өмнө хамтарсан Засгийн газарт орсноор ГСДН-ын үнэт зүйлс, үзэл баримтлал, хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагаанд хэрхэн тусч үр дүн өгөхийг чухалчлах зарчим баримтлах талаараа ярилаа.

р

Ийнхүү уулзалтын үеэр хоёр намын төлөөлөгчид тулгамдаж буй асуудал болон хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтад МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Намын байгуулалтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Чинбат нар оролцлоо.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ