Дурсахаас цааш хэтрээгүй 15 жил
Жил бүрийн энэ өдөр монголчууд С.Зориг агсныг дурсдаг. Ардчиллын төлөө тэмцэгч, “Алтан хараацай” гэх мэтээр гоё чамин бүхэнтэй түүнийг холбож, дурсахаас өөрийг хийхгүй байсаар 15 жилийг үджээ. Хөшөөнд нь цэцэг өргөж, хэргийг илрүүлнэ, анхааралдаа авсан гэх хуудуутай үг хэлэгчдийн мөр ч балартаагүй. Ардчилал, чөлөөт нийгмийн төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхөд нь төрийн эрхэнд гарч, хэргийн илрүүлэлтэд ахиц гарна гэсэн итгэлийг өдөөсөн ч үр дүн нь харагдсангүй. Товчхондоо, ард түмэн хонгилын үзүүрт гэрэл олж харна гэж найдсан ч одоогоор тас харанхуй хэвээр. Өнгөрсөн жилийн яг энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, энэ хэрэг заавал илрэх ёстой гэсэн үгийг төрийн тэргүүн хэлж байв. Заавал гэх үг чихэнд чимэгтэй сонсогдсон ч хэзээ гэдэг нь асуулт хэвээрээ хариултаа нэхсээр л байна. Ерөнхийлөгч “Энэ хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ажлын хэсгийн ажил сайн явж өгөхгүй байгаа тухай ажлын хэсгийн зүгээс надад хандаж, тодорхой санал, хүсэлтүүд тавьсан” гэж бас нэг нууцлаг асуулт бий болгосон. Бүтэн арван жилийн турш энэ хэргийн араас явж байгаа ажлын хэсгийн ажил яагаад явж өгөхгүй байна вэ. Олон зүйлийг шалтгаан болгон таамаглаж болох ч гадны бүр нэлээд өндрөө авсан нөлөөлөл гэх хардлага олон нийтэд төрсөн нь гарцаагүй.
.
Аравдугаар сарын 2 болохоор л ёс төдийхөн санаж бусад үед мартагддаг эл талаар Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас тодруулах гэж хэвлэлийн ажилтанд нь хандсан ч “би энэ талаар асуусан, боломжгүй гэсэн” гээд халгаасангүй. Алдсан хүн арван тамтай гэгчээр энэ хэргийн талаар С.Оюун гишүүнээс өөр дуугарах хүн олдохгүй нь бололтой. Итгэл найдвар тасраагүй ч хаана хэнд хандахаа мэдэхээ болиод байгаагаа гишүүн өнгөрсөн жилийн цэцэг өргөх ёслолын үеэр ярьж байсан. Харин энэ жил тэрбээр хэргийн илрүүлэлтийн талаар хэр мэдээлэлтэй байгааг тодруулсан юм.
.
С.Оюун: Хууль хяналтынхан дуугарах ёстой
.

-Удах тусам итгэл найдвар нэмэгдэнэ гэж байхгүй. Гэхдээ илрэхгүй гээд бууж өгч, няцаж болохгүй гэж боддог. Эхэндээ ил захидал бичиж, хэвлэл мэдээллээр байнга төрийн өндөрлөгүүдэд хандаж байсан. Бас 50 мянган хүний гарын үсэг цуглуулж, төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж, УИХ дээр ажлын хэсэг байгуулах ёстой гэж шаардаад, Олон улсын Парламентын холбоонд хүртэл хандаж олон зүйлийг бид хийсэн. Тэглээ гээд урагшилсан зүйл харагдаагүй учраас ямар ч байсан ажлын хэсэгт байгаа мэргэжлийн хүмүүст найдах нь зөв юм байна гэж боддог болсон. Одоо дахиад өргөх бичиг өгөлтэй биш. Анхаарлаа сулруулахгүй байгаасай гэж холбогдох хүмүүст нь найдах л үлдээд байна.
.
-Олон улсын Парламентын холбоонд хандаад үр дүн гарсангүй юу?
-Энэ бол парламентын гишүүдийн хүний эрхийг хамгаалдаг байгууллага. Хэрэг мөрддөг, хянадаг байгууллага биш. Гэхдээ анхааралдаа байлгасан хэвээрээ байгаа. Саяхан тэндээс захидал ирсэн. Урьд нь манайхан хандаж, багахан дэмжлэг хүсч байсан. Парламентын холбооны гишүүн орнуудаараа дамжуулаад тодорхой хүсэлт тавьдаг. Хэргийн мөрдөн байцаалтад мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ гэж хүлээж болохгүй.
.
-Хэргийн явцын талаар та хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-Мөрдөн байцаалтын нууц учраас нарийн зүйлийг надад ч бас хэлэхгүй. Ер нь бол тогтмол асууж лавлаж байдаг. Ажлын хэсэг ажиллаад энэ хэргийг түдгэлзүүлээгүй, зогсоогоогүй ажиллаж байна гэдэг. Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэргийн талаар сонсч, үүрэг даалгавар өгсөн байдаг. Одоо ахиж үр дүн нь сонсч, цаашид яах ёстойг анхаараач гэж нэг сарын өмнө амаараа хүсэлт тавьсан байгаа.
.
-Ерөнхийлөгч анхаарч эхэлсэн гэдэг утгаараа илрүүлэлтийн явцад ямар нэг ахиц гарсан болов уу?
-Илрээгүй л бол ахиц гарсан гэж хэлэхэд хэцүү. Янз бүрийн сэжүүр гаргаж, олон зүйл шалгаж байна л гэдэг. Заримдаа овоо урагшилж байгаа юм шиг. Тэгээд тэр нь мухарддаг. Ямар ч байсан зогсоож болохгүй, түдгэлзүүлж болохгүй гэсэн байр суурьтай байдаг.
.
-Хамт ажиллаж, хамт тэмцэж явсан нөхөд нь төрийн эрхэнд гарсан. Ерөнхийлөгч, хотын даргаас эхлээд олон хүнийг хэлж болох байх. Тиймээс ч энэ хэрэг илэрнэ, асуудал нааштай шийдэгдэнэ гэсэн хүлээлт байдаг?
-Зөв л дөө. Үүнийг би бас хэлээд л байгаа. Зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж.
.
-Хамтран зүтгэгчидтэй нь холбоотой байдаг уу? Улс төрийн хүрээнийхэн нь нэлээд өндөр албан тушаалтнууд болчихсон байна.
-Зоригоо ахын оффист байсан хүмүүстээ байнга холбоотой байдаг. Халиун ахаас эхлээд Мягмарсамбуу ахтай холбоотой. Москвад хамт байсан Чулуунбат гээд найзтай нь хамт ажиллаж байна. Туслах байсан залуучуудтай нь байнга холбоотой байгаа. Харин улс төрийн түншүүдийнх нь хувьд надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа байх.
.
-Энэ хэргийн талаар танаас өөр дуугарах хүн олдохгүй бололтой. Хууль хяналтынхан бол нууц гээд ам таглачих юм.
-Би хууль хяналтынхан дуугарах ёстой гэж боддог. Нарийн зүйлсийг хэлэх боломжгүй ч хэдэн жил хийсэн зүйлээ дүгнээд хэлэх ёстой. Ямар ч хэрэгт олон нийтэд өгч болох мэдээлэл гэж байдаг байх. Мэдээж хэргийн илрүүлэлтэд нөлөөлөх мөрдөн байцаалтын нууц гэх зүйлс байдаг. Тэглээ гээд таг чиг баймааргүй байна.
.
В.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ