
Берлинээс Улаанбаатарт ирэх байсан нислэг саатсан нь цаг агаарын байдлаас улбаатай гэсэн мэдээлэл гарсан нь ташаа байсан бололтой. Манай сайтад Герман улсад амьдарч ажилладаг нэгэн бүсгүйгээс мэдээлэл ирснийг та бүхэнд дамжуулж байна.
2011 оны 11 сарын 25- ны өдөр Берлинээс Улаанбаатарын чиглэлд ирэх ёстой байсан нислэг саатсан нь цаг агаарын байдалтай холбоотой гэсэн мэдээллийг news.mn сайтнаас олж уншлаа. Техникийн саатал гарсны улмаас нислэг хойшлох болсон шалтгааныг яагаад үнэн зөвөөр нийтэд мэдээлэхгүй байгаад гайхал төрж байна. Миний бие 11 сарын 06-ны өдрийн МИАТ- компанийн нислэгээр Берлин хотоос Улаанбаатарт очоод, 24- ний онгоцоор Берлинд буцаж ирсэн юм. 11 сарын 10-ны өдөр Монголд очих нислэг Москва хотноо бас л техникийн гэмтэл гарсны улмаас 5-6 цагаар саатсан. Энэ удаад мөн л техникийн шалтгаанаар саатал гарахад хүрч байгаа нь айдаст автуулж байна. Бурхны авралаар үр хүүхэддээ эсэн мэнд ирсэндээ баярлахын сацуу нислэгийн компанийн хариуцлагагүй байдлаас болж олон хүний амь нас эрдсэж нөхөж баршгүй хохирол гарах вий гэхээс болгоомжлуулах нь зүйн хэрэг гэж бодлоо.
МИАТ компанийн энэ зун авсан онгоцонд удаа дараа техникийн саатал гарч Берлинээс нислэх нислэг нь өчнөөн цагаар тэр ч бүү хэл хоногоор хойшлож байгаа нь үйлчлүүлэгчдийг айдаст автуулах гол шалтгаан болж байна. Өчүүхэн төдий эвдрэлээс олон зуун хүний амь нас хохирох асар том эрсдэлтэй салбар бол нисэхийн салбар. Өнөөдрийн эвдрэлийг “цаг агаарын”, өөр юуны ч гэж аргалж болох ч цаашид гарах үр дагаврыг тооцоолохын аргагүй. “Олон хавар нэгэндээ” гэгч болж удаа дараа гарч байгаа эвдрэл нь хөөрсний дараа тохиолдвол яах вэ. МИАТ- ын шинээр авсан хуучин онгоцнууд техникийн шаардалага бүрэн хангаж, зорчигч үйлчлүүлэгчдийн амь насын баталгааг хангаж чадаж байна уу гэдэг асуултын хариуг хэнээс хайх вэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ