С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол улсад 1989 оны сүүлч 90-ээд оны эхээр ардчиллын салхийг сэвэлзүүлсэн Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч С.Зориг 15 жилийн өмнөх энэ өдөр таалал төгссөн. Харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан түүний дурсгалыг хүндэтгэн гэр бүлийн гишүүд, журмын нөхөд болон Монголын ард түмэн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг.
Өнөөдөр уламжлал ёсоор тус үйл ажиллагаа болж, С.Зориг агсаны төрсөн дүү БОНХ-ийн сайд С.Оюун, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүний үйл хэргийг үргэлжлүүлж яваа ардчилсан залуучуудын болон ард түмний төлөөлөл ирж түүний хөшөөнд зул, цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү хөшөөнд хүндэтгэл үзүүлэхдээ зул биш, цэцэг ч биш нэгэн пянз өргөж байгаа нь сонин санагдаж, учрыг нь асуусан юм. Тэрээр “С.Зориг ах маань Английн алдарт хамтлаг "Pink Floyd"-ыг сонсох дуртай байсан. Намайг 1990 онд Чех улсад оюутан байхад ах маань ирэхдээ “хоёулаа дэлгүүр орж "Pink Floyd"-ын пянз худалдаж авна” гэж ярьж байсан. Тэр үед манай оронд ардчилал дөнгөж эхэлсэн, уулзах хүн олонтой завгүй явсан учраас авч чадалгүй өнгөрсөн. Харин би өнөөдөр тэр хүслийг нь биелүүлж, сонсох дуртай хамтлагийнх нь пянзыг авчирч, хөшөөнд нь өргөж байна. Миний хувьд энэ хөшөөнд 30 дахь удаагаа ирж хүндэтгэл үзүүлж байна. Бид төрсөн болон таалал төгссөн өдрөөр нь жилд хоёр удаа ирдэг. Ирэх бүртээ хэрэг илрэлтийн талаар боддог, ярьдаг. Манай цагдаа нар уг нь их сайн ажилладаг шүү дээ. Тэгээд ийм ойлгомжтой, гэрчтэй хэрэг илрэхгүй байгаад хэлэх ч үг алга даа” гэж ярилаа.
Харин түүний төрсөн дүү С.Оюун “Мөрдөн байцаалтын нууц гээд арав гаруй жил энэ хэргийг олон түмнээс нууцалж байна. Олон түмэн энэ талаар мэдэхийг хүсч олон жил хүлээж байна. Тиймээс энэ хэргийн талаар үгээ хэлэхийг би хууль хяналтынханаас шаардсан байгаа. Тэд хэлэх байх. Миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол ажлын хэсэг татан буугдаагүй ажил түтгэлзээгүй гэдэг. Хэрэг хэзээ нэгэн цагт заавал илрэх ёстой гэж би бодож байна” гэсэн юм.
Б.Буд
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ