Х.Болорчулуун: Жижиг татваруудыг тогтворжуулж болохгүй
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр гишүүд нухацтай хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал болоод татварын орчинг тогтворжуулах асуудал дээр тэд ширүүхэн мэтгэлцэв. Хөрөнгө оруулалтыг Улаанбаатар болоод төвийн бүс нутгаар нь ангилан тогтоож байгаа юм. Улаанбаатар хотод харьяалагдах бүсэд үйлдвэр байгуулахаар 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагчид 10 жилийн татварын тогтвортой орчны гэрчилгээ олгоно. Баруун бүсэд дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл 13 жил, төвийн бүсэд хөрөнгө оруулалт хийвэл 11 жилийн хугацаанд татварын тогтвортой орчны баталгааг олгохоор заагаад байна. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс татварын тогтвортой байдлыг хангах үүднээс оруулж ирсэн саналд гишүүд санал зөрөлдөв.
.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
-Хөрөнгө оруулагчид татварыг өндөр байна гэж хэлээгүй. Зөвхөн тогтвортой байдлыг л хүсч байгаа. Өөрөөр хэлбэл шинэ төрлийн 68, 78 хувийн татварыг гаргахгүй байгаасай л гэж байна. Хэрвээ хөрөнгө оруулалтын хууль дээр энэ заалт хэрэггүй гэж үзэж байвал Татварын хуулин дээрээ заагаад өгч болно. Шинэ төрлийн татвар байж болно. Монгол Улс экспортоо хөгжүүлж байж хөгжинө. Импортын хамаарлаасаа улам бүр гарах ёстой. Импортын татвар, Гаалийн албан татварыг өөрчлөхдөө хөрш хоёр орны хууль тогтоох, татварын, гаалийн байгууллагатай хэлэлцээр хийдэг байх ёстой. Татвар хөнгөллөө гэж яриад нөгөө талдаа нэмэгдээд байдаг. Энэ нь экспорт, импорт хийж байгаа компаниуддаа нөлөөлдөг. Үүнийг бодлогын хувьд авч үзэх хэрэгтэй.
.
УИХ-ын гишүүн Г.Батхүү:
-Бид татварын тогтвортой орчин бүрдүүлж чадаагүйгээс хөрөнгө оруулалт алдагдаад байгаа. Үүнийг шийдэх хэрэгтэй. Татварын тогтвортой байдал дээр дөрвөн хуулийг заагаад өгчихсөн. Гэхдээ дараа нь ямар ч хууль батлагдаад гараад ирж магадгүй гэсэн эргэлзээ байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин тогтвортой байна гэдэг дээр хуулиа батлах хэрэгтэй.
.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Энэ Хөрөнгө оруулалтын тухай болохоос Татварын тухай хууль биш шүү. Олон заалт дээр концевци алдагдаад байгаа. Тогтворжуулж байгаа дөрвөн татвар Монгол Улсын нийт татварын 70 хувийг эзэлдэг. 100 хувиар татвараа тогтворжуулаад хөрөнгө оруулалт оруулдаг улс орон гэж хаана ч байхгүй. Бидний татвар бусад улсуудтай харьцуулбал бага байгаа. Олон жилээр тусгаж байгаа энэ татварууд дээр ямар нэг тогтворгүй байдал үүсэх вий гэдэг дээр би санал нэгддэг. Гэхдээ хөрөнгө оруулалтыг гэрээгээ зохицуулъя гэж МАН санал оруулж ирээд байхад Монголын бүх татварын эрхийг хааж болохгүй. Монгол Улсын эрх ашиг гэж байх ёстой. Монгол Улс шинэ татвар гаргаж болохгүй гэдэг зүйл байхгүй. Лобби явж байна. Том компаниудаас оруулж ирээд байна шүү. Та нар бизнес хийж болно. Хөрөнгө оруулалтаар дарамталж амьдрахгүй шүү.
.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Энэ хууль батлагдаад гарахаар одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын орчин гэсэн заалт нь байхгүй болно. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиасаа татварын орчин нь муудсан хууль гарах вий гэсэн болгоомжлол байгаа. Бид одоо үйлчилж байгаа татварын орчингоо л тогтворжуулъя гэсэн зорилгоор энэ хуулийг батлах гээд байгаа шүү дээ. Монгол Улсад цаашид шинэ хууль батлан гаргахыг хаасан заалт байхгүй шүү дээ.
.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Энэ бол хааж байгаатай адил заалт. Ус өнөөдөр алтны дайтай стратегийн ач холбогдол бүхий зүйл. Одоо усыг уул уурхайн компаниуд яаж зарцуулж байгаа билээ. Хэрвээ усан дээр бүс нутаг нь татвар тогтоовол энэ хуулиар үйлчлэхгүй болоод байна. Шинэ хууль гаргахыг хааж байгаатай яг адилхан заалт. Усгүй бол хичнээн алттай байгаад нэмэргүй. Ус хөтөлбөр гэж орж ирсэн байсныг нь бид бүлэг дээр хассан. Хөрөнгө оруулалтыг дэмжиж байна гээд өөр татвар хураамж авах эрхээ хязгаарлаж болохгүй.
.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталгаажуулахдаа гол дөрвөн нэрийн татварыг тогтвортой байлгахыг зааж өгсөн. Энэ бол гол татварууд. Түүнээс бус татвар гэдэг нийгэм, цаг үеэ даган өөрчлөгдөж байх ёстой. Жижиг татваруудыг тогтвортой байлгана гэж болохгүй.
.
Ийнхүү гишүүд МАН-ын бүлгээс татварыг тогтворжуулахад оруулсан санал дэмжигдээгүй юм.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ