Хог хаягдлаас эрчим хүч гаргана
Манай улсын хэмжээнд жилд дунджаар 1.2-1.3 сая тонн хог хаягдал гардаг. Үүний 30 гаруйхан хувийг нь л Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний Холбоо /МХХДБҮХ/-ны гишүүн байгууллагууд цуглуулан ангилан ялгаж, боловсруулан экспортод гаргадаг аж. Харин үлдсэн 70 орчим хувийг ямар ч боловсруулалт хийлгүйгээр ландфилын аргаар буюу шууд хөрсөнд булдаг юм байна. Гэтэл тэрхүү булж устгаж буй хог хаягдлыг ашиглан эрчим хүч, хий гарган авч ашиглах өргөн боломж байгаа гэнэ.
л
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэдийнээ нэвтэрч хөгжсөн энэхүү технологийг өөрийн оронд нутагшуулах талаар МХХДБҮХ-ныхон багагүй хүчин чармайлт гаргаж, судалгаа хийсний эцэст ХБНГУ-ын “PSE Engineering” компанитай энэ чиглэлд хамтран ажиллахаар болж, хамтын ажилаагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
а
Хог хаягдлыг дахин боловсруулах талаараа европдоо төдийгүй дэлхийд тэргүүлэх технологитой германчуудтай Монгол Улсад тулгамдаж байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлж, хог хаягдлыг дахин боловсруулан эрчим хүч, хий гарган авах талаар хамтран ажиллахаар болжээ. Тэд эхний ээлжинд Улаанбаатар хот болон 21 аймгийн хог хаягдлын нэгдсэн судалгаа гарган, боловсруулах технологийн шийдлийг сонгох ба энэхүү судалгаан дээр үндэслэн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлэх төслөө тодорхой болгох юм.
а
“PSE Engineering” компани нь хог хаягдлыг өндөр температурт нэрж, цахилгаан, дулаан, хий гарган авдаг бөгөөд эрчим хүчээ Цахилгаан станцын сүлжээнд оруулан тухайн хот суурин газрын хэрэгцээнд нийлүүлдэг байна. Ийм төрлийн боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаараа янз бүр байх ба жижгэвтэр нь л гэхэд жилд дунджаар 45 мянган тонн хог хаягдал боловсруулдаг аж. Харин “PSE Engineering” компани жилд 100 мянган тонн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг манай улсад барих боломжтой гэж үзэж байгаа юм байна.
МХХДБҮХ нь одоогоор 20 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй, Улаанбаатар хотод 200 түүхий эдийн цэг, 12 боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ