Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцлээ

img

  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж дараах төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, БНСУ болон БНТУ-аас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолуудын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Үүнээс “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4., 17 дугаар зүйлийн 17.1.3., 19 дүгээр зүйлийн 19.1.6-д гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасныг үндэслэн БНСУ болон БНТУ-аас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцуулсан.   Тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Дараа нь Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид нэгдэхийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюун хийсэн байна. Мөнгөн ус нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой сөрөг нөлөөлөл үзүүлдэг, экосистемд биохуримтлал үүсгэх чадвартай, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчинд ялгарч, цаашид задрахгүйгээр агаар мандалаар дамжин хол зайд зөөгддөг зэргээр дэлхий нийтээр анхаарлаа хандуулж буй химийн бодис болохыг хүлээн зөвшөөрч, Мөнгөн усны бохирдлоос үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хохирол учруулсан Минаматагийн өвчнөөс авсан сургамжийг ухамсарлаж, ирээдүйд ийм эмгэнэлт үйл явдал гарахаас сэргийлж мөнгөн усны зохистой менежмент хэрэгжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч конвенцид нэгдэхийг зөвшилцөхөөр байнгын хороонд хэлэлцүүлж байгааг танилцуулсан байна. Конвенцид нэгдэн орсноор иргэдийг хууль бус үйлдэл уруу оруулж магадгүйг анхааруулжээ. Конвенцийг зөвшилцсөний дараа нэгдэн орох, соёрхон батлах асуудлыг өргөн барих юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ