Балгаа хойно нь үүрэхгүйн тулд байгаагаа тордохсон...
Хот, хөдөө ялгаагүй монголчуудын хүнсний гол хэрэглээнд нь мах багтдаг. Хахир хавар, өвлийн тэсгим хүйтнийг сэтгэл тэнүүн, бие эрүүл туулахад нь монгол малын мах ихээхэн үүрэгтэй.Сүүлийн үед манай урш хөрш хэмээн авгайлдаг хятадууд ирэх хаврын зуднаас айсан малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал руу халдах болов. Мэдээж хятадууд малчдын хот руу хутгаа бариад чиггүй дайраагүй. Гэхдээ хутганаас иртэй зүйл болох мөнгө барин малчид руу хошуурах болсон учраас хятадууд монголоос мах бэлтгэж байгааг зүгээр өнгөрүүлж болохгүй юм. Учир нь багахан мөнгө харж, ирээдүйгээ мартсан хэсэг бусаг хүмүүсээс болж, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг бодсон зарим нэгэнд энэ ёстой л мурий халбага аман тийш ... гэдэг болж мэдэхийг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс эдүгээ хятадууд монгол малын махыг хэдэн мянган тонноор нь бэлтгэж, хилээр гаргаж байгааг зүгээр өнгөрүүлж болохгүй.
Өнгөрсөн оны зөвхөн 12 дугаар сард хятад иргэд хууль бусаар мах бэлтгэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад цөөнгүй ирснээс дурдвал, Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн III гудамжинд машинаас мах буулгаад байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 14-ний 19:00 цагт ирүүлснийг шалгахад: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн 37 настай П 180 ширхэг ямааны гулууз мах, 30 ширхэг хонины гулууз махыг ӨВА 87-71 дугаартай Мазда машинд ачиж авчирсныг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19-95 тоотод Хятад иргэд малын бөөр угаагаад байна гэсэн мэдээллийг 12-р сарын 13-ны 19:55 цагт ирүүлснийг шалгахад, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн 49 настай Б гурван хятад иргэнтэй хамтран бог малын бөөр угааж, 2 кг-аар нь савалж, цаасан хайрцганд хийж бэлтгэж байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах МТ шатахуун түгээх станцын хойд талын гражид цагаан өнгийн том машинаас их хэмжээний мах буулгаад байна гэсэн мэдээллийг 12-р сарын 12 ны 16:19 цагт ирүүлснийг шалгахад, УНЦ 46-85 дугаартай Бенз Норд маркийн машинаар Говь-Алтай аймгийн Цээл сумаас Баянгол дүүргийн иргэн 40 настай А, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 41настай Э нар ямааны гулууз мах 360, хонины гулуузч махыг 218 ширхэгийг бэлтгэн оруулж ирсэнийг илрүүлсэн байна. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Барс захын урд хятадууд их хэмжээний мах бэлтгээд байна гэсэн мэдээллийг 12-р сарын 12-ны 13:35 цагт ирүүлснийг шалгахад, “Хун иргэн” ХХК-ний байрыг түрээслэгч БНХАУ-ын иргэн Шү Рун нь гарал үүслийн гэрчилгээгүй 528 гулууз хонины махыг худалдан авч жижиглэн 50 кг-ийн шуудайнд хийн хадгалаж байсныг илрүүлж битүүмжлав. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Шим архины үйлдвэрийн хажууд хятадууд их хэмжээний мах аваад шулаад байна гэсэн мэдээллийг 12-р сарын 12-ны 13.55 цагт ирүүлснийг шалгахад, Смак Интернейшил ХХК-ний мах боловсруулах үйлдвэрт ямааны гулууз мах, шулж бэлтгэж байсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Нэгэнтээ нэгэн өдөр тутмын багагүй нөлөөтэй сонинд нөлөө бүхий сэтгүүлч “яадаг юм, зуданд бардаг малыг мөнгөөр солиход хятад монголын ялгаа байхгүй...” гэсэн аястай нийтлэл бичиж, тэргүүн нүүрэндээ хадсан байж билээ. Энэ нь цагаа олоогүй саваагүйтэл байсныг хэлэх нь зүйд нийцнэ биз.Нөгөө талаар зуд гэдэг залхуу хүний хотонд айлчилдаг нь хэнээр ч хэлүүлдэггүй жам гэхэд хатуудсан болохгүй байх. Зуны гурван сар сүүдэр бараадаж тэрийж, намрын гурван сар айраг хөөж хөөрөлхөж, хайлган цагаар цээж баян хэтэвч нимгэн шинэ цагийн баян малчдыг дуурайсан нэгний хятадад үйлдвэрлэсэн мотортой дугуйгаар малаа хариулсан нэр зүүж, хөөж элддэг. Үүнийгээ орчин цагийн хөгжил хэмээн эндүүрч, өөрийгөө удам дамжсан малчин хэмээн хөөрөлхдөг нэгэнд зуд зунаар ч ирж болохыг үгүйсгэх аргагүй юм. Залхуугийн гадна түлшгүй, залгидагийн гэрт хоолгүй гэдэг шиг налгар цагаар өөрийгөө зугаацуулж, намрын анхны хяруунаар өл алдаж, зуданд нэрвэгдэгсэд өнөөдрийн нийслэлийн хүрээг тэлж, муу явдлын үүр уурхай болж байгааг нуугаад ч хэрэггүй билээ.
Монголчууд зуун ямаанд жаран ухна гэдэг. Үүн шиг сүүлийн үед улс төржиж, энд тэнд цээжээ дэлдэж, эвээр биш нударгаар зохицогчид олширсон. Эгээ л борооны дараахь мөөг шиг олширч байгаагийн нэг нь төрийн бус байгууллага хэмээх сүржин нэртэй даржин байгууллагууд юм. Үүний нэг нь өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны гадна суулт зарлаж байна хэмээн сүржигнэсэн “Эгэл борчуудын засаглал” төрийн бус байгууллага гэгч болод байх шиг. Тус байгууллагын тэргүүн Н.Амарбаясгалан нарын хүмүүс өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-нд Монгол малыг хамгаалах тухай хууль баталж, малыг төрөөс даатгахыг шаардсан гэнэ. Гэтэл энэ шаардлага нь тодорхой үр дүнд хүрээгүй. Тодруулбал, төрийн зүгээс тус байгууллагын шаардлагыг хүлээж авахгүй байгаа тул тус хөдөлгөөнийхөн малгүй болсон малчидтай нэгдэн тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм байх. Түүнчлэн энэ хөдөлгөөнийхөн сүүлийн үед хятадууд ямааны махыг их хэмжээгээр худалдан авч байгаад сэтгэл зовж байгаагаа өгүүлж, гадаадын улс орнууд манай улсаас мах худалдаж авч байгааг эсэргүүцэж байна. Энэ мэт шалтгааны улмаас тэд Монгол Улс таван толгой малаа төрд даатгах ёстой гэж үзэж байгаа гэсэн.
Энэ санаа нь сайхан юм. Даанч биелэлт нь ямар байхыг хэлж мэдэхгүй. Учир нь энэ мэтийн байгууллагууд ямар нэгэн байдлаар бусдын анхаарал татах гэж хятадууд мах худалдаж аваад байна гэхээс биш яг өнөөдөр зах худалдааны төвүүдэд мах, махан бүтээгдэхүүн ямар үнээр хэрхэн борлогдож байгаа. Мөн хэчнээн хятад иргэд ямар монголчуудтай нийлэн бог, бодын махаар хэрхэн худалдаа, арилжаа хийж, хуулийн аль заалтыг зөрчөөд байгааг даанч нэг мэдэж байгаа юм алга. Зүгээр амандаа орсныг үгийн баялагтаа урвуулан цацаж байгаагаас биш улс орныхоо төлөө, махан хоол бүү хэл цувдайны шөл ч амсч чадахгүй өлсч байгаа ядууст туслах, тэдэнд хүрэх, тэдний эрхийн төлөө тэмцэх гэсэнгүй. Шуудхан хэлэхэд, өнөө л хуучирсан загвар, улс төрчдийн хараанд өртөх гэсэн бүтэлгүй оролдлого, өөрсдийн бизнесээ хамгаалах гэсэн ядмаг оролдлого, иргэдийн сэтгэлзүйгээр тоглож, өөрсдийн тоглолтоо үнэд хүргэх гэсэн арга төдий л харагдах болов. 2,7-хон сая хүн амтай Монгол Улс 35 сая малтай болж байсан цаг хоёрхон жилийн өмнө. Харин тоог харж, чанарыг мартсан хэт өсөлтийг сүүлийн хоёр жил дамнасан зуданд жинхэнэ утгаараа шигшсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй билээ. Ямар ч зүйлд байгалийн шалгарлын хууль гэж байдаг хойно. Балгаа хойно нь үүрсэн малчид нэртэй зарим нэгэн нь өнөөдөр төрийн өмнөөс ядуурсан мэт ялархаж, биеийн амрыг харж, хотод гудамж хэсэн лааз түүж, траншей хэмээх хэн хүний хоргодоод байхгүй оромж руу өнхөрсөнийг ч бас мартах учиргүй юм...
Х.Тэргэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ