Ногоочид 600 гаруй тонн төмс, хүнсний ногоо борлуулжээ
Нийслэлийн зургаан дүүргийн 11 хэсэгт төмс, хүнсний ногоо борлуулах цэг ажиллуулж байгаа билээ. Эдгээр цэгүүдэд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Өмнөговь зэрэг есөн аймгийн 540 ногоочин наймдугаар сарын тавнаас эхлэн төмс, хүнсний ногоо борлуулж буй юм. Өнгөрсөн хоёр сар орчмын хугацаанд дээрх борлуулах цэгүүдээр дамжуулан 600 гаруй тонн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, эмийн ургамлыг хямд үнээр борлуулжээ. Харин Дүнжингарав худалдааны төвд болсон “Алтан намар-2013” үзэсгэлэнгийн үеэр оролцогчид 350.8 тонн төмс, 504.5 тонн хүнсний ногоо, хоёр тонн зөгийн бал, 8000 шил дарсан ногоо болон жимс, цэцэг гэх мэтчилэн 541.4 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Манай улс энэ жил 15.1 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо тариалж, 211 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо хурааж авах ургацын урьдчилсан баланс гарсан билээ. Үүнээс одоогийн байдлаар төмсний хураалт 73 хувь, хүнсний ногооных 78.4 хувьтай байгаа аж.
Цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа төвийн нутгийн хойт хэсгээр бага зэргийн хур тунадастай байгаа бол бусад нутгаар тогтуун байх юм байна. Иймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ургац хураалтын ажлыг энэ сарын 25-ны дотор дуусгахаар төлөвлөөд буй аж.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ