Тахь хамгааллын менежментийг сайжруулна

img

Энэ оны есдүгээр сарын байдлаар манай оронд 430 тахь адуу нутагшиж байна. Манай улсын Засгийн газар монгол тахийн бие даасан зэрлэг популяци бий болгох зорилготой ажиллаж байгаа.

Гэхдээ өнөөдрийг хүртэл тахийг гадаад улс орноос тээвэрлэн авчрах, ирсэн тахийг өсгөн үржүүлэх асуудал нь тэднийг бэлэглэсэн улсуудын хандив дэмжлэгээр санхүүжигдэж иржээ. Иймд цаашид тахийг хэрхэн амжилттай өсгөн үржүүлэх талаар мэргэжилтнүүд хэлэлцсэн байна. Тухайлбал, тогтвортой санхүүжилтийг хэрхэн бий болгох, байгаль цаг агаарын хүндрэлд хорогдох эрсдлийг бууруулах арга хэмжээ, тахийн амьдрах орчинг бүхэлд нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулах болон түүний генетик болон популяцийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох гол зүйлүүдийг авч үзжээ.

Үүний дүнд эхний ээлжид сэргээн нутагшуулж буй тахийн популяцийн өнөөгийн байдал, хэтийн хандлагын талаар мэдээлэл солилцож мэдээллийн санг байгуулахаар болжээ. Мөн тахь хамгааллын менежментийг сайжруулахаар хамтарсан нэг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллах аж.

Тахийн популяцийг хамгаалах менежментийн асуудал нь тэдний амьдрах орчинг хэрхэн хамгаалах болон орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажиллахаас хамаарах юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ