Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүй болгоно гэв
АН-ын “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалт өнөөдөр болж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.
.
-2008 оны УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан бичлэг нь цацагдаж шуугиан тарьж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2012 оны сонгуулиар барьцаа улам лавшруулж, хамт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартайгаа хамтран дахин мөнгө тараагаад Увсчуудын олонхийн саналыг авсан. Гэвч өөрсдийнхөө баталсан хуулиа зөрчсөн тэдний энэ удаагийн үйлдэл бүтэлгүйтжээ. Өнгөрсөн нэг жлийн хугацаанд Эрүүгийн хэргийн шүүхээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар шадар туслах долоон хүн мөнгө тараасан нь тогтоогдон ял авч хохирсон хэдий ч Увсын хоёр гишүүн УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийдээ юу ч болоогүй мэт тухалсаар байгаа юм. Харин Захиргааны хэргийн шүүхээр сонгуулийн маргааныг шийдвэрлэхгүй гэдгээ нотолсон билээ. Өөрөөр хэлбэл одоо СЕХ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох үлдээд байна гэв. “4-11” уулзалтын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
.
-Тангараг өргөсөн гишүүнийг эргүүлэн татаж болох уу ?
.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь:
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудал бол эргүүлэн татах тухай асуудал биш. УИХ-ын гишүүн болсон хойноо ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж тэр нь тогтоогдвол эргүүлэн татдаг. Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн нарын хувьд УИХ-ын гишүүн болох үйл явцдаа хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учраас мандатыг нь хүчингүй болгох юм. Тэд саналыг нь авах зорилгоор Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө тараасан гэдэг нь нэгэнт батлагдсан учраас одоо СЕХ шийдвэрээ гаргах л үлдээд байна. Мөнгө тараах ажлыг нь гүйцэтгэсэн 7 хүн шүүхээс ял аваад байна. Тэдний хууль зөрсөн үйлдэл ийм л муу үр дагаварыг бий болголоо.
.. Нэр дэвшигч Д.Нямхүү:
-Сэргээш хэрэглэсэн бөхийн шинжилгээний хариу жилийн дараа гардаг. Солонгос руу явуулаад гаргадаг шүү дээ. Тэр бөх хичнээн ч олон даваа авсан бай хамаагүй хэрэв сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол хүчингүй болгоод дараагийн бөхөд давааг нь шилжүүлдэг. Мөнхбаатар арслан сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоход жилийн дараа Санчирын заан цолыг сэргээж өгсөн. Энэ бол амьдрал дээрх жирийн жишээ. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудал үүнтэй адил. Тэдний асуудлыг хуулийн байгууллага шалгаж байх хооронд гэртээ хэвтэж байна уу. УИХ дотор ороод сууж байна уу хэнд ч хамаагүй. Хэрэг хийсэн нь нотлогдох л юм бол үнэмлэхээ хураалгах учиртай. Гэтэл шүүхээр нотлогдчихлоо.
.
-Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар ярихдаа шүүхийн шийдвэр бидний талд гарсан гэх юм. Та нар бас бидний талд гэх юм. Аль нь үнэн яриад байгаа юм бэ?
-Сонгуульд нь ажилласан долоон хүн нь ял авчихаад байхад түүнийг ялалт гэж үзэх юм бол хэцүү л байна. Захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргааныг шийдэх боломжгүй гэж үзээд буцаасан. Тэгэхээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар өөрсдийгөө ялсан мэтээр тайлбарлаад байгаа. Харин сонгуулийн сурталчилгааны явцад мөнгө тараасан гэдэг нь шүүхээр эцэслэн тогтоогдож, долоон хүн ял авсан учраас тэд одоо УИХ-д суух эрхгүй. Увсын иргэдэд тэдний тараасан мөнгийг хуулиар 10 нугалж иргэдэд буцаан олгоход 1 тэрбум 107 сая төгрөг гарна гэсэн тооцоо гарсан. Иргэд мөнгөө 10 нугалж авахаар өргөдлөө гаргасаар байна.
. -Тэд УИХ-ын гишүүнээсээ буухаас өөр ямар нэг ял шийтгэл авах уу?
.
Нэр дэвшигч Т.Мэндсайхан:
-Сонгуулийн хуулиар бол төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэсэн үндэслэлээр 5-10 жилийн хорих ял авах учиртай. Тэгэхээр тэд түмэн янзаар тайлбарлаж өдөр шөнөгүй гүйхээс өөр аргагүй. Хэрэв буугаад ирэх юм бол шоронд орж таарах байх л даа.
.
-СЕХ-оо маргааныг ойрын хугацаанд шийдэж чадах уу ? -Бид сонгуулийн Ерөнхий хороонд хандахад "Мөнгө тараасан зөрчлийг шүүхээр тогтоосны дараа бид энэ асуудлыг шийдэх боломжтой" гэсэн хариу өгч байсан. Тодруулбал мөнгө тараасан нь тогтоогдвол энэ асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон этгээдийн түр үнэмлэхийг хүчингүй болгоно гэдгээ СЕХ мэдэгдсэн. Тариалан сумын 13 иргэнд мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдож, тэд хуулийн дагуу мөнгөө 10 дахин нугалж нэг нэг сая, нийт 13 сая төгрөг аваад байгаа. Энэ эрүүгийн хэргийн явцад Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын туслах Ш.Чинбат нарын 7 хүн хууль зөрчиж мөнгө тараасан болох нь шүүхээр тогтоогдсон.Ингээд шүүхийн энэ шийдвэрийг үндэслээд СЕХ маргааныг шийдэх боломжтой гэсэн шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан. СЕХ хуулиараа сарын дотор энэ асуудлыг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэр 9 сарын 13-нд гарсан учраас үүнээс хойш сарын дотор шийднэ гэсэн үг шүү дээ. . -МАН ба АН-аас нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү их байхад маргаан гаргах нь дэмий юм бишүү ?-СЕХ санал хураалтын дүнг баталгаажуулсан тойргийн хорооныхоо шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Мөн Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн болсон үйл явцыг хүчингүй болгох ёстой. Түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, нэрийн жагсаалтаас хасчих юм бол санал хураалтын дүнг дахиж гаргаад, дараа нь эрэмбэлэгдсэн 28 хувиас дээш санал нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнд тооцох хуулийн заалт бий. Д.Нямхүү 33 хувийн би 31 хувийн санал авсан. Тийм учраас СЕХ-оо арга хэмжээ авч тангараг өргүүлэхээр УИХ-д өргөн барих боломжтой.
. Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ