Ногоон хөгжлөөр гурван орны эрдэмтэд хэлэлцэнэ

.
Монгол, Орос, Хятад гурван улсын эрдэмтдийн анхдугаар форумыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн санаачилгаар анх 2008 онд Улаанбаатар хотноо “Монгол, Орос, Хятад: ХХI зуунд хөгжлийн төлөө хамтдаа” сэдвийн дор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байжээ. Уг форумыг гурван тал ээлжлэн хүлээн авч зохион байгуулахаар тохирсоны дагуу II форумыг БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх ухааны академийн Ази-Номхон далайн хүрээлэн 2009 онд “Хятад, Монгол, Орос: энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа” сэдвийн дор Бээжин хотноо, III форумыг ОХУ-ын ШУА-ийн Дорнодахин судлалын хүрээлэн “Орос, Хятад, Монгол орчин үеийн шинэ сорилтыг хамтдаа даван туулах нь” сэдвийн дор 2012 онд Москва хотноо тус тус амжилттай зохион байгуулсан.
.
Энэ удаагийн форумаар хөрш орнууд хоёр болон гурван талт харилцаа хамтын ажиллагаандаа дэлхийн нийтийн хөгжлийн гол чиг хандлага болсон Ногоон хөгжлийн үзэл ойлголт, зарчмыг мөрдлөг болгох зайлшгүй шаардлага үндэслэлийг хамтран хэлэлцэж, хэрэгжүүлэхээр зорьжээ. Хурлын нээлтэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар оролцож мэндчилгээ дэвшүүлэх юм байна. үргэж үг хэлэх бөгөөд хөрш хоёр орноос тус улсад суугаа ЭСЯ-ны дипломатууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл байлцана.
.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол, Орос, Хятад гурван орны эрдэмтдийн IV форумын үйл ажиллагаанд амжилт хүссэн мэндчилгээ ирүүлж, гадаадын зочдыг хүлээн авч уулзах ажээ.
.
Ногоон хөгжлийн олон талт асуудлаар хөрш орнуудын эрдэмтэдтэй санал бодлоо солилцон тухайн орон бүрд гарч буй ахиц дэвшил, ололт амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар өргөн хүрээнд хэлэлцэх тус эрдэм шинжилгээний форумд ОХУ, БНХАУ-аас 20, Монгол Улсын 50 гаруй эрдэмтэн судлаачид 20 орчим илтгэл хэлэлцэх юм. Монгол-Орос-Хятадын стратегийн түншлэл ба ногоон хөгжил, Төмөр зам ба экологийн аюулгүй байдал, Хөрсний элэгдэл, Сэргээгдэх эрчим хүч, Бүс нутгийн хамтын ажиллагаа гэх мэт олон сонирхолтой илтгэлийг тавьж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ