Найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгоно
Манай улсын Засгийн газар, Монгол банк, Монголын ипотекийн корпораци хамтран энэ оны зургадугаар сараас орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. Энэхүү зээл үргэлжлүүлэн олгогдох эсэхийг иргэд хүлээж байгаа. Тэгвэл өнөөдөр Монголын ипотекийн корпорациас мэдээлэл хийж найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ.
.
Монголын ипотекийн корпораци нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлээд удаагүй байгаа. Тус корпораци найман хувийн хүүтэй зээлийг цаашид үргэлжлүүлэх зорилгоор хоёрдогч зах зээлийг нээж байна. Ингэснээр анх удаагаа монголын зах зээл дээр үндсэн хөрөнгө буюу ипотекийн зээлээр баталгаажсан бонд гарах юм. Энэ нь орон сууцны зах зээл дээр байгаа найман хувийн хүүтэй зээлийг хамгийн хурдан, найдвартай төвшинд аваачиж, тасралтгүй үргэлжлэх байдлыг нь хангах ач холбогдолтой гэж МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс ярилаа.
.
МИК-ийн анхны бонд энэ ондоо багтаж гарах бөгөөд одоогийн байдлаар 200-гаад тэрбум төгрөгийн багцийг эхний бондод оруулахаар бэлдээд байгаа аж. Эхний бонд гарснаас хойш дараагийнх нь үргэлжлээд гараад явах юм байна. Энэ тухай МИК-ийн ТУЗ-ийн дарга С.Оргодол “Бонд хөрөнгө оруулагчдад таван хувийн хүүтэй очих болов уу. Ер нь гадны хөрөнгө оруулалтаас таван хувийн хүүтэй бонд босгож ирээд иргэддээ найман хувийн хүүтэй зээл болгож хувиргадаг тасралтгүй үргэлжлэх механизмыг бий болгох зорилготой байна” гэлээ.
.
Өмнөх найман хувийн хүүтэй зээлээр 900 орчим тэрбум төгрөгийн зээл олгогдоод байгаа аж. Үүний 450 орчим тэрбум төгрөг нь хуучин зээлийг найман хувийн хүүтэй болгож хувиргасан байгаа бол шинээр 490 орчим тэрбумын зээл олгожээ.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ