
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар, томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтын талаар хэлэлцсэн. Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд Хотын ерөнхий менежерээр ахлуулсан 36 хүний бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсэг 09 сарын 09-20-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 58 объект хамрагдахаас 53 нь буюу Хүнсний 8, хүнс, барааны холимог 22, Ахуйн үйлчилгээний барааны 8, Барилгын материалын 8, Техникийн 2, Мод, модон материалын 4 зах хамрагдсан байна. Харин Батсервис ХХК-ийн “Орхон”, Ванхүү ХХК-ийн “Далайхүү” худалдааны төвүүд их засвартай, Сутайн буянт ХХК-ийн техникийн зах, Бүрд ХХК-ийн “Бүрд” худалдааны төв, Марс төв ХХК-ийн Марс худалдааны төвүүд хариуцсан эзэд нь байхгүй, гадаад яваа, үзүүлэх бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдаагүй байна.
Шалгалтад хамрагдсан худалдааны төв, захуудын 80 хувь нь барилгын ашиглалт хангалтгүй, батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, 71 хувь нь түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалаагүй, 66 хувь нь дотоод хяналтын журмыг мөрдөж ажилладаггүй, аврах зам гарцыг нарийсгаж өөрчилсөн, хаасан, аваарын гарцуудын байрлал заасан гэрлэн тэмдгүүд байрлуулаагүй, гал унтраах болон дохиоллын систем төлөвлөж хийгдээгүй, ашиглалтын үеийн бэлэн байдал хангагдаагүй, техник үйлчилгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчилтэй байжээ.
Хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шийдэх боломжтой зөрчлийг арилгаж, мөнгө торгуулан ногдуулсан байна. Ажлын хэсгээс “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын Комиссын акт гаргуулаагүйгээр үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул”, “Барс-1”, ”Барс-2”, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй "Өгөөмөр", “Мишээл”, “Дүнжингарав” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоох, бусад томоохон зөрчилтэй зах худалдааны төвүүдийг зөрчлөө арилгах хүртэл түр хаах тухай захирамж гаргах хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон Удирдлагын зөвлөлийн гишүүдэд гаргасан байна. Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Улаанбаатар хотод дүрэм, журмын дагуу аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллаж байгаа худалдаан төв, зах байхгүй гэж хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга “Зөрчилтэй байгаа Худалдааны төв, захуудад хугацаатай үүрэг өг. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй нь ч биш нийслэлтэй байгуулсан газрын гэрээг хүчингүй болго. Энэ арга хэмжээг авахад нөлөөлсөн ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно” гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ