Н.Алтанхуяг: Эхний хагас жилд эдийн засаг 11.3 хувиар өсөөд байна.
УИХ-ын чуулганы хуралдаан 49 гишүүний ирцтэйгээр эхлэв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хуралдааны эхэнд "Олонх цөөнхийн үгийг сонсож, хүлээж авахгүй байгаа учир МАН-ын бүлэг нэгдсэн хуралдаанд суух боломжгүй байна" хэмээсний дараагаар бүлгийн гишүүд хуралдааны танхимыг орхин гарлаа. Харин АН-ын бүлгийн болон "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд хуралдааныг үргэлжлүүлэн хийж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлэ. Тэрбээр мэдээлэлдээ:
.
-Монгол Улсын эдийн засаг 2013 оны нэгдүгээр улиралд 7.1 хувийн өсөлттэй байсан бөгөөд Оюутолгойн баяжуулах үйлдвэр 2013 оны зургаадугаар сард ашиглалтанд орж, зэсийн баяжмалаа долдугаар сараас экспортолж эхэлсэн. Мөн “Чингис бонд”, Хөгжлийн банкны хөрөнгөөр авто зам болон дэд бүтцийн барилга, байгууламжуудыг барьж, Засгийн газар болон Монголбанкны хамтарсан "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээндбарилгын салбарт санхүүжилт олгож, бодит салбарын хөгжлийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлтийн хурд хоёрдугаар улиралд эрчимжиж, эхний хагас жилд эдийн засаг 11.3 хувиар өсөөд байна.
.
ДНБ энэ оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэрлэсэн үнээр 1.4 их наяд төгрөгөөр өссөн байна. “Чингис бонд”, Хөгжлийн банкны хөрөнгө, Монголбанкнаас барилгын компаниудад олгосон санхүүжилтийн үр дүнд барилга угсралтын ажил энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдэж, 360 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэгдээд байна. Эхний хагас жилийн байдлаар дэд бүтэц, инженерийн барилга, байгууламжийн ажил өмнөх оныхоос 4.3 дахин нэмэгдэж, 122.0 тэрбум төгрөгт хүрээд байна. Сүүлийн хагас жилд төмөр зам, авто зам, орон сууцны барилга угсралтын ажил илүү хурдтай эрчимжсэнээр барилгын салбарын үйлдвэрлэл 2013 онд өмнөх оныхоос 2.7 дахин нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдийн инфляцийн түвшинг авч үзэхэд нийлүүлэлтийн болон бараа бүтээгдэхүүний зардлын өсөлттэй холбогдсон инфляци давамгайлж байгаа нь харагдаж байна. Иймд Засгийн газраас инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2012 оны дөрөв дүгээр улиралд Монголбанк, Засгийн газар хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн дөрвөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийлүүлэлтийн шинж чанартай инфляцийг бууруулах зорилгоор түлш, шатахуун, мах, гурил зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжин ажиллаж байна. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцийн түвшин 2012 оны эцэст 14.2 хувь байсан. 2013 оны 8 дугаар сарын байдлаар оны эхнээс 6.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийн инфляцийн түвшин 11.1 хувьтай харьцуулахад 1.7 дахин бага байна гэлээ.
:
Гадаад валютын ханш 2012 оны сүүлийн хагаст өсөх хандлагатай байсан боловч, “Чингис бонд”-ын хөрөнгө орж ирснээр гадаад валютын нөөц нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулсан байна. Харин энэ оны дунд үеэс эхлэн төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдснээс гадна зах зээлд валютын ханшинд нөлөөлөх хэд хэдэн сөрөг мэдээлэл гарч, иргэдийн валютын хадгаламж нэмэгдэж, валютын ханш өсчээ.
:
Валютын ханш өссөн нь гадаад валютын орж ирэх урсгал буурсан, нөгөө талаар дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарсантай холбоотой. Иймд Засгийн газраас хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж, экспортыг дэмжих чиглэлээр ажилласнаар манай улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, валютын ханш тогтворжих нөхцөл бүрдэх юм гэж Ерөнхий сайд мэдээллээ. Барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалснаар ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны хоёрдугаар улиралд 8.4 хувь байсан бол энэ оны хоёрдугаар улиралд 7.3 хувь болж буурчээ.
.
Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараагаар гишүүд “Чингис бондын хөрөнгийн санхүүжилт хөдөө орон нутагт наалдаж байгаа вэ, байршлын хувьд хаана хийгдэж байгаа тухай, тендер, орон нутгийн төсвийн санхүүжилт, цаг үетэй холбоотой нүүрсний үнэ зэргийг сонирхон асууж байв. Тэдний асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “100 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгийг орон сууцийг дэмжих ажилд зарцуулагдана гэсэн. Үүний тал нь орон нутагт зарцуулагдана. Чингис бондоос орон нутагт автозам барихад 570 тэрбум, шинэтөмөр замын төсөлд 200 сая долларыг санхүүжүүлэхээр болсон. Портер нүүрс 500 мянга хүрэхгүй. Шуудайгаар нүүрс зарахад 40 кг-аар савласан байна. Ирэх онд тэтгэвэр нэмэх талаар ярьж байна. Тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэхээ ярина" гэсэн юм.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ