1000 багш явган аялалд гарлаа

img

  Өнөөдөр "Дэлхийн багш нарын өдөр” тохиож байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн 1000 багш Богдхан ууланд явган аялал хийж байна. Байгаль дэлхийдээ ойр байж, эрүүл агаарт явган аялахыг уриалсан Засгийн газрын тэргүүний уриалгыг дэмжин зохион байгуулж байгааг аяллыг санаачлагч Нийслэлийн боловсролын газрынхан онцоллоо. Хүн ардыг сургаж боловсруулах хүнд хариуцлага үүрдэг багш нар ийм санаачилга гаргаж, өргөн бүрэлдэхүүнээр аялж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийлэн Чингисийн талбайгаас багш нарыг аялалд нь үдлээ.   Аялалд нийслэлийн төвийн 6 дүүргээс тус бүр 160, Налайх дүүргээс 20 багш оролцож байгаа бөгөөд Цэцээ гүний оргил өөд Манзуширын хийд, Төр хурахын амгэсэн маршрутаар аялах юм. Аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, өөрсдөө хаягдал үлдээхгүйгээс гадна уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдийг урамшуулахаар болзол зарласан ба уулнаас цэвэрлэж түүсэн хог хаягдлын хэмжээг шалгаруулалтын нэг үзүүлэлт болгон тооцох юм байна. Дашрамд дурьдахад, "Дэлхийн багш нарын өдөр" (World Teachers Day)-ийг 1994 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн тэмдэглэдэг болжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ