
ХХ зууны Монголын дээд боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич Н.Содномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр МУИС-ын дугуй зааланд болж өнгөрлөө. "Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил ба академич Н.Содном" сэдэвт хуралд ШУА-ийн ерөнхийлөгч, акад. Б.Энхтүвшин, МУИС-ийн ректор, проф.Т.Галтбаяр, Боловсролын хүрээлэнгийн захирал, проф.Н.Бэгз зэрэг Монголын талаас долоо хүн илтгэл тавилаа. Мөн ОХУ-аас тус улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн А.Ю.Розанов, ОХУ-ын ШУА-ийн сурв.гишүүн Е.А.Красавин, БНХАУ-аас профессор Тү.Өлзий нар илтгэл тависан байна.
Академич Н.Содном эх орондоо дээд боловсрол эзэмшсэн анхны монгол сэхээтний нэг байжээ. Тэрээр МУИС-ийн анхны оюутан, сургуульдаа багшилсан анхны монгол багш, тэнхмийн эрхлэгч, хичээл ангийн дарга, энэ сургуульдаа 40 жил ажиллахдаа хоёр удаа, нийт 17 жил захирлаар томилогдон ажилласан байна. Мөн Монгол улсдаа төдийгүй дэлхийд нэр нь дуурссан цөмийн физикийн том эрдэмтэн байсан юм. Н.Содном гуай М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн бөгөөд 1956 онд Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулах гэрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурах их хувь түүнд тохиожээ. Тэрээр Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд судлаач, лабораторийн эрхлэгчээс дэвшин дэд захирлаар хоёр удаа сонгогдон ажиллаж, олон улсын цөмийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Түүнчлэн олон жил Олон улсын атомын энэргийн агентлагтай Монгол Улсаа төлөөлөн хамтран ажилласан байна. Түүний гаргасан зам мөрөөр Монгол улсад олон зуун физикч эрдэмтэн төрөн гарч, олон улсын хэмжээнд ажиллаж байгаа нь энэ том эрдэмтний ач гавьяа мөн билээ.
Энэ мэтчилэн түүний эх орондоо төдийгүй тив дэлхийд хийж бүтээсэн зүйлийг дурдаад байвал дуусахраагүй ажээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ