
Маргарита Николаевна Григорьева багшийгаа Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид, сонгодог урлагт хайртай эрхмүүд дурсан санацгаалаа. БНМАУ-ын Гавьяат жүжигчин, дуучин Д.Бандийн гэргий Маргарита Николаевна Григорьева нь 2008 онд ертөнцийг мөнх бусыг үзүүлэх хүртлээ буюу 1961-2008 он хүртэл Хөгжим бүжгийн коллежид мэргэжлийн төгөлдөр хуурын багш, УДБЭТ-т концертмейстрээр тасралтгүй ажиллаж Монголын сонгодог урлаг, тэрдундаа мэргэжлийн төгөлдөр хуурчдыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүндтэй хүн юм.
Түүнийг өөд болсны дараа хүү нь шавь нарынх нь хамтаар М.Н.Григорьевагийн нэрээр нэрлэсэн “Залуу Төгөлдөр Хуурчдыг дэмжих М.Н.Григорьева” санг байгуулсан аж. Мэргэжлийн залуу төгөлдөр хуурчдын дунд олон улсын чанартай уралдаан фестиваль, мастер класс зохион байгуулах, хөдөө орон нутагт төгөлдөр хуур сонгон суралцагч хүүхэд багачуудыг дэмжих, нот болон сурах бичгээр хангах, Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан зохиол бүтээлийг тоглуулах, сурталчлан таниулах, гадаадын хөгжмийн зохиолчид болон залуу төгөлдөр хуурчдыг урьж уулзалт зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг тус сангаас энэ сарын 24-нд “Сонгодог Үдэш” тоглолтыг зохион байгууллаа.
Улсын Филармонийн концертын танхимд болсон “Сонгодог Үдэш”-т П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн , ДБЭТ-ын дуучин, МУГЖ Э.Амартүвшин, УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б. Эрдэнэтуяа, Хөгжим Бүжгийн коллежийн цохивор хөгжмийн болон морин хийлийн чуулга удирдагч багш МУСТА Б.Зоригт , Монгол улсын морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н. Жигжиддорж, М.Н.Григорьева багшийн шавь УДБЭТ-ын концертмейстр МУГЖ Б.Солонго болон олон улсын тэмцээний шагналтай авьяаслаг залуу уран бүтээлчид оролцсон юм.
Харин “Сонгодог үдэш” тоглолтоос цугларсан хандивыг сангийн үйл ажиллагааны дагуу Монголын сонгодог урлагийн хөгжилд, залуу төгөлдөр хуурчдыг дэмжих үйлсэд зориулж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ