
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи ихтэй, хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөртэй байдаг. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт хэд хэдэн ой, хээрийн түймэр гарчээ. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт энэ сарын 05-ны өдөр хээрийн түймэр гарч хоёр аймгийн 3 сумыг хамран их хэмжээний га талбай шатсан байна.
Түймрийн голомтод Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нийт 90 гаруй албан хаагч ажилласан бөгөөд салхины чиглэл тогтворгүй байнга өөрчлөгдөж, хурд 12-14 м/сек хүрч байсан тул түймэр тархаж, унтраах нөхцөл байдал хүндэрчээ. Тиймээс Улсын Онцгой комисс болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн хурлыг яаралтай хуралдуулж, Шадар сайд Д.Тэрбишдагвын шийдвэрээр өчигдөр нэмэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүүгээр ахлуулсан Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх бүлгийн 20 албан хаагчийг МИ 171Е маркийн нисдэг тэргээр хээрийн түймрийн голомтод хүргэх ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.
Богино хугацаанд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд нэмэлт хүч өчигдөр 23.00 цагт Дорнод аймгийн Булган сумын түймрийн голомтод очиход зэргэлдээх Матад сум руу хээрийн түймэр орох байсныг бүрэн унтрааж нийт 368 хүн, 368 хүн, 37 автомашинтай ажиллаж их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж түймрийг өнөө өглөөний 05:00 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Түймрийн шалтгаан нөхцлийг холбогдох мэргэжлийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар, түймрийг Дорнод аймгийн 9 дүгээр багийн иргэн П 60 настай, Аксент маркийн ДОР 32-12 дугаартай автомашинтай явж байгаад автомашины янданд нь өвс хураагдаж, гал гаран автомашин шатсаны улмаас түймэр алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ