
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, салхины хурд 12-14м/с, зарим үед 16-18м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Салхи ихтэй, хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах нь элбэг байна. Тухайлбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн “Лам шувууны хоолой” гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарсан байна. Уг түймрийг тус сумын болон Гурванзагал сумын нийт 30 иргэн ажиллаж түймрийг бүрэн унтраажээ.
Мөн тус аймгийн Халхгол сумаас зүүн тийш 30 км-т “Хуучин нарс” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг бүрэн унтраасан.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг “Сэвсүүл” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар тус сумын иргэд, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн албан хаагчид нийт 78 хүн ажиллаж түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ