
Онцгой байдлын ерөнхий газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран “Гамшгийн удирдлагын бүсийн зөвлөлдөх хорооны 10 дугаар хуралдаан”-ыг өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. Энэхүү хуралдааны үеэр олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн тэргүүн, ноён Красэй Чанавонгсэ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч, ноён Томас Эриксон нар өнөөдөр байгууллага хоорондын гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний баримт бичигт газрын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгийн хүрээнд талууд Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн боловсруулсан загварын дагуу хэрэгжүүлж, орон нутгийн удирдлагуудыг сургаж, бэлтгэх, мастер багш нар бэлтгэх чиглэлээр шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төлөвлөгөөний хүрээнд “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт анхны сургалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулж 6 аймгийн 10 гаруй сумдын засаг дарга, төслийн зохицуулагч нийт 30 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан байна. Дараагийн сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар болон Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймагт зохион байгуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ