Гадаад харилцааны асуудлаар мэдээлэл сонсчээ
АН-ын бүлгийн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төсөл, мөнгөний бодлогоос гадна ургац хураалтын явцын талаар ҮХААЯ-ны болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм. Ургац хураалт 60 хувийн явцтай байгаа нь гишүүдийн санааг ихээхэн зовоожээ. Хадлан тариа хураалтын ажил ч газар бүрт янз бүр явагдаж байгаа аж. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангаагүй хүмүүст ажлын хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа ажээ. Малыг амьдын жингээр худалдаалах явцын талаар мэдээлэл тун хангалтгүй байна гэж АН-ын бүлэг үзжээ. Тиймээс энэ мэдээллийг малчдад сайн хүргэхийг салбарын ажилтнуудад даалгасан байна. Энэ жилийн тухайд ес орчим сая толгой мал нядлах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ерөнхий сайд тун удахгүй БНХАУ-д айлчилна. Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-д ажлын айлчлал хийх юм байна. АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдаас гадаад харилцааны асуудлаар мэдээлэл сонсож, хоёр хөрштэйгээ найрсаг харилцаагаа бататгахад энэ хоёр айлчлал чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.
.
Эрдэс баялгийн салбарт бодлогын асуудлаарх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж байгаа аж. С.Одонтуяа гишүүн энэ талаараа,
-Бид энэ бодлогын баримт бичгийг хэлэлцэхдээ иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэд судлаачдын саналыг оруулж байгаа. Энэ баримт бичиг хэр боловсруулагдаж гарснаар бодлогын баримт бичиг хууль эрх зүйн хувьд бүх л тогтоол төсөл, хөтөлбөрүүд уялдаж гарах юм. Энэ баримт бичиг дээр зарчмын зөрүүтэй санал гарч байна. Цаашид стратегийн орд гэж байх уу. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэж нэрлэх үү. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг цаашид төрөөс бодлогоор дэмжих үү гэсэн олон зүйл дээр гишүүд саналын зөрүүтэй байна. Уул уурхайн салбарт тохиолдож байдаг эрсдлүүдийг оруулсан байгаа. Эрсдэл гарахаас нь өмнө төлөвлөж байя гэж ярилцаж байна. Монгол Улс цаашид дэлхийд өрсөлдөж чадахуйц өндөр техник технологитой хувийн хэвшлийг дэмжсэн бодлого баримтална гэсэн гол үндэслэлтэй байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
.
-Ургац хураалтын явц 60 хувьтай байна гэлээ. Ирэх жил дотоодын гурилын хэрэгцээгээ хангах, гурилын үнийг нэмэхгүй байх талаар салбарын яам ямар бодлого барьж байгаа бол?
-Тариа будааг энэ жил өртөг өндөртэй хураах шинжтэй юм шиг байна. ОХУ, Казахстаны ургац хураалт сайн явагдаж, тариа будаагаа элбэг хураажээ. Тиймээс ч буудайн болон гурилын үнэ нь буурах төлөвтэй байна. Харин манайд эсрэгээрээ байх нөхцөл бүрдэх гээд байна. Иргэдийг бид хямд үнэтэй гурилаар хангахын тулд яам тодорхой бодлого боловсруулах байх.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ