Бүтээн байгуулалтыг шууд дамжуулав

Дээрх газруудад Ийгл телевизийн сурвалжлах баг ажилласан бөгөөд хамгийн эхэнд ТЭЦ IV-ийн өргөтгөлийн ажлыг танилцуулсан. ТЭЦ IV цахилгаан станц нь нийслэл хотын 60 гаруй хувийг ус, дулаанаар хангадаг байгууллага юм. Тус цахилгаан станцад 50мВт ийн хүчин чадалтай өргөтгөлийг барьж байгаа ба энэхүү ажлыг өнгөрөгч долдугаар сард эхлүүлсэн аж. Өргөтгөлийн ажил 80
орчимхувьтай явж байгаа гэдгийг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгчдийн зүгээс мэдээллээ.
Дараа нь Найрамдал зуслан орох замд буюу Баянголын аманд хийгдэж буй Баянгол дэд станцын ажлыг танилцуулсан. Тус дэд станцын хүрээнд шугам сүлжээний ажил, тэпэ барих, ус дулаан дамжуулах хоолой угсрах зэрэг ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа. Мөн тоног төхөөрөмж нийлүүлт бүрэн хийгдсэн гэлээ. Дэд бүтцийн ажлыг шийдсэнээр Баянголын аманд 40-50 мянган айлын орон сууц баригдах аж. Одоогоор 5500 айлын орон сууцны барилгын ажил хийгдэж байгаа ба ирэх оноос Туркийн зээлээр баригдах 6000 айлын орон сууцны ажил эхлэх юм байна.
Үүний дараа ерөнхий сайд холбогдох албаныханаас цементийн үнэ тогтворжсон эсэх, ургац хураалтын явц хэдэн хувьтай байгаа зэрэг асуудлуудаар мэдээлэл сонссон. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын хугацаанд цементийн үнэ нэмэгдсэн. Цементийн үнэ өссөн шалтгаан нь нийлүүлэлт багассан гэж үзэн Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнбүрэн амралтын өдрүүдэд БНХАУ-д ажиллаад иржээ. Түүний хэлснээр, өнгөрсөн наймдугаар сард вагоноор орж ирэх нийлүүлэлт нь багассан, энэ асуудлыг шийдвэрлэсэн. Нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн тул үнэ ч мөн буурах байх гэдгийг Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнбүрэн онцолсон. Харин ургац хураалтын хувьд 60 гаруй хувьтай байгаа ба түлшны асуудлыг зохицуулсан тул хугацаа алдахгүй хураан авна гэдгийг ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл мэдээлснээр энэ удаагийн "Бүтээн байгуулалтын цаг" өндөрлөлөө.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ