@UdvalNacag нэрээр жиргэсэн этгээдэд хариуцлага тооцно гэв
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр болон фото зургийг ашиглан энэ сарын 04-нөөс 05 -ны өдрүүдэд www.twitter.com цахим хуудсанд @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүссэн аж.
Уг цахим хаягаар дамжуулан Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс цахим хуудас хэрэглэгчидтэй харилцан бусдын нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж, эрүүл мэндийн болон бусад салбарын талаарх буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар олон нийтэд түгээж, цахим хуудас хэрэглэгч иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцэл үүсгэх, улмаар дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэх худлаа мэдээллийг тараах ажлыг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэнэ.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын ажлын албанаас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын нэрийг барьж худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан энэхүү этгээдийг олж холбогдох арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт тус тус хүргүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо.
Иймд www.twitter.com цахим хуудсан дахь @UdvalNacag гэх хаяг хуурамч болохыг ЭМЯ-ны Хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ