Зүүн Ази, номхон далайн бүст өтлөлт эрчимжиж байна
Зүүн Ази, номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн гуравдугаар улирлын тайлан гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тайланд бүсийн дунд хугацааны хөгжлийн тухайд хоёр асуудлыг багтаасан байв. Үүнд хөдөлмөрийн зах зээлийн бэрхшээлүүд болон хүн амын өтлөлт багтжээ.
6
Зүүн Ази, номхон далайн бүсийн орнуудын дунд залуучууд хөдөлмөр эрхлэх тал дээр идэвхи султай байгаа нь тогтоогдсон байна. Мөн шаардлагатай чадварлаг ажиллах хүчний дутагдалд оржээ. Иймээс дээрх бүс нутгуудад макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн дийлэнх хүн амыг ажлын байраар хангаж байдаг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага тулгарчээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбартаа төвлөрсөн орнуудын өмнө хөдөө аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэх бэрхшээл тулгарч байгаа бол хотжилт явагдаж буй орнуудын хувьд хот төлөвлөлтөө сайжруулах асуудал тулгамдаж буй аж.
6
Харин хүн амын өтлөлтийн тухайд Зүүн Ази, номхон далайн бүсийн орнуудад энэ асуудал эрчимтэй явагдаж байгааг тус тайланд дурджээ. Өтлөлтийн үндсэн шалтгаан нь төрөлт багасч, дундаж наслалт уртассантай холбоотой аж. Энэ нь бүсийн хувьд ажиллах хүч болон хүн амын өсөлтөд нөлөөлөх боловч, улс орон бүр харилцан адилгүй байгаа юм. Хот суурин газар амьдардаг ахмад настай иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо бага байдаг тул зарим орнуудад хотжилт хэт нэмэгдэж байгаа нь энэ хандлагыг улам нэмэгдүүлэхээр харагджээ.
6
Уг асуудалтай холбоотойгоор хэд хэдэн бодлогын бэрхшээл тулгарсан байна. Нэгдүгээрт, ажлын бүтээмжтэй жилүүдийг уртасгах, өтөлж буй ажилчдын чадварыг хадгалах, мөн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, төрийн байгууллагын захиргааны чадавхи, төсвийн тогтвортой байдалд халгүйгээр тэтгэвэрийн тогтолцооны хамрах цар хүрээ болон санхүүгийн хамгааллыг нэмэгдүүлэх шаардлага тулгарчээ. Гуравдугаарт, хөгшчүүдийн нийгмийн халамж, эрүүл мэндийн тогтолцоондоо өөрчлөлт оруулах ёстой байгаа аж.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ