Сьерра Леонд төрсөн хүүхдээс Японд төрсөн хүүхэд 43 насаар илүү наслах магадлалтай

img

ЭМЯ, ДЭМБ-аас "Эрүүл мэндэд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс" /ЭМДННХЗ/ сэдэвт сургалт семинари 11-р сарын 23-24-нд зохион байгуулагдав. Энэхүү сургалтанд зарим аймаг, дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга ажилтнууд, ЭМЯ, ЗГХА-ЭМГ-ын мэргэжилтнүүд, НЭМ-ийн хүрээлэнгийн судлаачид зэрэг хүмүүс оролцсон байна. Эрүүл мэндэд нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйлсийг авч үзэж байгаагийн гол шалтгаан нь дэлхийн улс орнуудын хооронд төдийгүй нэг улсын хүн амын нийгмийн бүлгүүдийн хооронд дундаж наслалт, эрүүл мэндийн байдал асар зөрөөтэй, тэгш бус байгаад оршиж байгаа юм. Улс орнуудын нийгэм эдийн засаг хөгжихийн хирээр энэхүү тэгш бус байдал улам нэмэгдэж байна. Жишээ татаж тодруулбал, сүүлийн 25 жилд эдийн засгийн өсөлтийн үр шим тэгш бус хуваарилагдаж, 1980 онд дэлхийн хүн амын хамгийн баян 10 хувь оршин суудаг орнуудын ҮНБ-ний орлого нь хүн амын хамгийн ядуу 10 хувь оршин суудаг орнуудаас 60 дахин их байсан бол 2005 онд энэ ялгаа 122 дахин их болжээ. Өнөөдөр Сьерра Леонд төрсөн хүүхдээс Японд төрсөн хүүхэд 43 насаар илүү наслах магадлалтай байгаа ба энэ зөрөө улс орны дотоодод ч байна. Эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгаа энэхүү тэгш бус байдал нь байгалийн үзэгдэл биш юм. Дэлхийн хэмжээнд мөнгө, эрх мэдэл, хөрөнгө нөөц, орлого, бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрхэн хуваарилагдаж байгаагаас буюу улс төр, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүд, нийгмийн бодлогуудаас хамааран энэ байдал бий болж байна. Эрүүл мэндийн тэгш бус байдлыг үүсгэж байгаа хүчин зүйлс буюу хүмүүсийн төрж, өсч, амьдарч, ажиллаж, насжиж байгаа орчин нөхцөл нь хоорондоо харилцан үйлчилж, тухайн орчин нөхцөлд амьдарч буй хүний эрүүл мэнд, эрүүл мэндтэй холбоотой зан үйлд шууд нөлөө үзүүлж, ямар байхыг нь тодорхойлох болжээ. Энэ тэгш бус байдлыг бууруулахын тулд өвчний шууд шалтгаанаас гадна цааш нь лавшруулж харах хэрэгтэй. “Шалтгааны шалтгаан” болох нийгмийн хүчин зүйлүүд буюу хүний төрж, өсч, сурч, ажиллаж, амьдарч, насалж байгаа нөхцөл байдал нь эмчлэгдээд гарсаны дараахь үр дагаварт ч өөр өөрөөр нөлөөлж байна. Эрүүл мэндэд нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйлсийн асуудлаархи ДЭМБ-ийн Комисс байгуулагдан 2005-2008 онд ажиллаж 2008 оны 8 сард “Closing the gap in a generation” тайланг зөвлөмжийн хамт гаргасан байна. Энэхүү тайланд эрүүл мэндийн тэгш бус байдалд дүн шинжилгээ хийж дараахь 3 бүлэг зөвлөмжийг гаргасан.   1. Өдөр тутмын амьдралын нөхцөл байдлыг сайжруулах 2. Эрх мэдэл, мөнгө, нөөцийн хуваарилалтын тэгш бус байдлыг багасгах 3. Тулгарч байгаа асуудлыг ойлгох, хэмжих, авч байгаа арга хэмжээний үр нөлөөнд дүн шинжилгээ хийх Тайланд хүн амын бүлгүүдийн хоорондын эрүүл мэндийн байдлын ялгааг багасгах, арилгах үүрэг хариуцлагыг бүх салбарын бодлогын уялдаа холбоог хангах зорилгоор Засгийн газрын хамгийн дээд түвшинд ноогдуулж, үйл ажиллагааг нь дүгнэх нэг үзүүлэлт болгохын чухлыг онцлон тэмдэглэсэн. Мөн эрүүл мэндэд нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйлсийг бусад салбарын бодлого боловсруулагч нарт ойлгуулах, сурталчлах, тэднийг сургах асуудлыг ЭМЯ ялангуяа нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулагч нар манлайлахыг зөвлөмж болгосон. 2011 оны 10-р сарын 19-21 нд Бразилийн Рио Де Жанейро хотод ДЭМБ-ын гишүүн 125 орны 1000 гаруй төлөөлөгчид хуран цугларч ЭМННХЗ-ийг бууруулах, эрүүл мэндийн тэгш байдлыг нэмэгдүүлэх талаарх бодлого, хийж байгаа ажлын туршлагаа хуваалцан, ЭМДННХЗ-ийн комиссын гаргасан зөвлөмжийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсаны үндсэн дээр Рио Де Жанейрогийн тунхаглалыг гаргасан. Уг тунхаглалд "Хүн амын эрүүл мэндийн тэгш бус байдал нь улс төр,нийгэм, эдийн засгийн хувьд байж болшгүй, ихэнхидээ шударга бус, тойрч гарч болох асуудлууд байдаг бөгөөд энэ шударга бус тогтолцоог халж, эрүүл мэндийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлэх нь тогтвортой хөгжил, бүх нийтийн илүү чанартай амьдрал, сайн сайханд чухал үүрэгтэй төдийгүй энэ нь цаашдаа энх тайван аюулгүй байдлыг тогтооход ч хувь нэмэр оруулна" гэж онцлон тэмдэглэсэн. Хүн амын бүлгүүдийн эрүүл мэндийн тэгш бус байдлыг бууруулахын тулд дараахь 5 чиглэлд анхаарч ажиллахыг уриалж, чиглэл бүрээр зөвлөмж гаргасан. Үүнд:   1. Эрүүл мэнд, хөгжлийн асуудалд сайн засаглалыг бий болгох 2. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцоог дэмжин хөгжүүлэх 3. Цаашид эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг эрүүл мэндийн тэгш бус байдлыг арилгахад чиглүүлэх 4. Дэлхийн хэмжээнд засаглал, хамтын ажиллагааг бэхжүүлэх 5. Ахиц дэвшлийг хянах, хариуцлагыг сайжруулах.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ