Д.Оюунгэрэл: Зам засварын ажил ирэх сарын нэгэн гэхэд дуусна

6
-Зам засварын ажлын явцын талаар тодруулаач. Төлөвлөсөн хугацаандаа амжих уу?
-Нийслэлийн Автозамын газраас захиалгатай 2013 онд хийж гүйцэтгэх ажлууд өнөөдрийн байдлаар 84 хувьтай байна. Ерөнхийдөө бол энэ онд төлөвлөсөн томоохон замуудын зорчих хэсгүүд бүрэн нээгдэхэд бэлэн болоод байна. Ихэнх ажлууд улирлын чанартай учраас 11 дүгээр сарын 01 гэхэд хүлээлгэж өгөх гэрээтэй байгаа.
Нийслэлийн Автозамын газраас захиалж хаасан зам гэвэл Дэнжийн 1000-ын чиглэлд, Нарантуул II захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр авто зам одоогоор хаалттай байна. Уг зам нь зорчих хэсгээ 10 дугаар сарын 14-ний өглөө гэхэд нээсэн байхаар төлөвлөөд байна. Энэ нь нийтдээ 39 дүгээр сургуулиас Хүчит шонхор, Дэнжийн мянга, Нарантуул II, Зам гүүрийн бааз хүрдэг 1.6 км авто зам байгаа. Мөн Доржийн гудамжинд хаалттай байсан замыг өчигдөр орой нээсэн. Тодруулбал, Хил хамгаалах албанаас Маахуур толгой хүртэлх 770 метр авто замд өнгө хучилт хийгээгүй суурь хучилтаа хийсэн байсан. Энэ хэсгийн өнгө хучилтыг хийснээр Доржийн гудамжны 2.2 км зам буюу Сансарын аюулгүйн тойрноос зүүн тийш Цайз зах хүртэлх зам зорчих хэсгээ бүрэн нээж байна гэсэн үг юм.
6
-Одоо 84 хувьтай байгаа замын ажил ирэх сарын нэгэн гэхэд дуусах уу?
-Ихэнх замууд зорчих хэсгээ нээчихсэн. Харин явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд гүйцэд дуусаагүй байгаа нь нийт замын ажлын хувийг хойш татаж байгаа юм.
6
-Одоогийн байдлаар зам засварын ажилтай холбоотойгоор хаасан өөр ямар зам байгаа вэ?
-Яг өнөөдрийн байдлаар үйлдвэрийн гудамжинд зам хаалттай, хучилтын ажил явагдаж байгаа. Тодруулбал, Ажилчны гудамжнаас “Говь”ХК-ийн урдуур, “Нарны гүүр”-нээс урагшаа явдаг хэсэг хүртэлх 2.2 км зам юм. Одоогоор суурь хучилт хийгдсэн байгаа бөгөөд өнгө хучилт хийснээр Дунд гол, Үйлдвэрийн гудамжны зам зорчих хэсгээ бүрэн нээж, тээврийн хэрэгслийн аюул осолгүй, саадгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.
6
-Автозам барих ажил маш хурдан хугацаанд хийгдэж байгаа. Тэгвэл чанар дээр хэр анхаарч байгаа вэ?
-Автозамын газраас захиалагчийн хувьд хяналт тавьж ажилладаг. Манайд материал шинжилгээ, туршилт судлагааны улсаас итгэмжилж өгсөн лаборатори бий. Энд зам барилгын ажилд ашиглагдаж буй материалыг шинжилдэг тул хяналт тавьж ажиллаж байгаа.
Тодруулж хэлэх юм бол манай инженерүүд захиалагчийн хяналт тавиад, стандартын дагуу барих ажлыг хийж байгаа.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ