Компанийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд манай компаниуд бусдад хөрөнгө оруулж олон охин болон хараат компаниудтай болж байгаа. Ийм тохиолдолд толгой компаниас хөрөнгө оруулсан компанитайгаа харьцах харилцааны хууль зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Үүнийг 2011 онд УИХ-аас батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар толгой компани нь охин болон хараат компанийхаа үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцоно гэсэн заалтаар зохицуулж өгсөн байна. Гэвч энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар тодорхой заалт хуульд ороогүйгээс өнөөгийн байдлаар энэ талын үйл ажиллагаа нь зохицуулалтгүй болжээ. Тиймээс энэ байдалд хүмүүс өөрсдийн дураар хандах болсон аж. Мөн хуулийн хэрэгжилтийн явцад хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулах нийтэд ойлгомжтой болгох, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанид төрийн төлөөлөл хэрэгжүүлэх асуудлыг зохицуулж байсан зарим хуулийн заалтуудыг Компанийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулагын холбогдох заалтуудтай уялдуулах шаардлага гарчээ. Эдгээртэй холбогдон Компанийн тухай болон төрийн төлөөллийг хэрэгжүүлэх харилцааг зохицуулж буй зарим хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан аж. Улсын хэмжээнд компаниудын жилийн эцсийн тайлан балансаа гарган, ажлаа дүгнэж дараа жилийнхээ төлөвлөгөөг батлах ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурал болж байгаа энэ үед компаниудад хөрөнгө оруулсан компанидаа өөрийн төлөөллөө хэрэгжүүлэхэд энэхүү зохицуулалт шаардлагатай ажээ.
5
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-ТУЗ-өөр санал хурааж хэлэлцэх асуудал дээр нэгдсэн саналаар гаргадаг. Энэ өөрчлөлтөөр саналыг тоолох байдлаар шийдвэрлэнэ гэдэг асуудал орж байх шиг байна. Нэгдсэн саналаар шийдвэрлэдэг заалт нь хэвээр байгаа юу?
-ТУЗ-ийн хурал өмнөх заалтаараа байгаа. Нэгдсэн санал хүрч шийдвэрээ гаргана.
5
Ийнхүү гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ