Улсын Их Хурлын дарга тусгайлсан уулзалтууд хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Швейцарийн Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 129 дүгээр Ассамблейд оролцож байна. Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Бакей, Д..Батцогт, Б.Сарангэрэл нар багтсан юм.
ОУПХ нь анх 1889 онд байгуулагдсан бөгөөд 162 улс тус холбооны гишүүн юм. Холбооны төв байр нь Женев хотод байрладаг.
ОУПХ нь улс орнуудын парламентын хооронд яриа хэлэлцээ хийх, энх тайвныг сахин хамгаалах, улс түмнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх үндсэн үүрэгтэй. Тухайлахад 2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Ардчиллын нийтлэг үндсэн зарчмууд болон үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, жил бүрийн 9 дүгээр сарын 15-ныг Ардчиллын өдөр болгон тунхагласан билээ. ОУПХ энэ өдрийг тохиолдууулан ардчиллын тулгын чулуу болох парламентын үйл ажиллагааг сурталчилсан арга хэмжээг дэлхий даяар зохион байгуулдаг уламжлалтай.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейд оролцох үеэрээ БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга хатагтай Мэйра Кумар, Австрали Улсын парламентын Дээд танхимын дарга ноён Жон Хогг, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн ноён Үэсүги Мицүхиро нартай тусгайлсан уулзалтууд хийлээ.
БНЭУ-ын парламентын доод танхимын дарга хатагтай Мэйра Кумар хоёр улсын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр илэрхийлээд Монгол, Энэтхэг хоёр орон соёл урлаг, мэдээллийн технологи, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаагаас гадна буддын шашин манай хоёр орныг илүү дотно харилцаатай болгодог гэдгийг онцлов.
f
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн ноён Үэсүги Мицүхиро нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбарт улам эрчимтэй хөгжүүлэх талаар байр суурь нэгтэй байгаагаа илэрхийллээ.
g
Улсын Их Хурлын дарга Австрали Улсын парламентын Дээд танхимын дарга ноён Жон Хоггтой уулзах үеэрээ Австрали улсаас манай улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламж манай хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод Австралийн их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн залуучууд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ